Үл таних эр яван явсаар хамгийн булангийн өрөөнд очин хаалгыг онгойлголоо. Тэр өрөө бусад өрөөнөөс ялгаатай цонх ч үгүй ширмэн төмөр хаалгатай бөгөөд дотор нь хэн нэгэн аюул ихтэй хүнийг агуулах зориулалттай мэт. Сэмүэл нөгөө газраасаа гарч ирээд нэлээд дөхөж, булангийн ард чимээгүй нуугдан ажиглав. Гэнэт танихгүй эрийн орсон өрөөнөөс түр тархийх чимээ гарч хэн нэгнийг нэвширтэл нь зодох шиг сонсогдлоо. Сэмүэл шүд зуун дараа нь юу болохыг хүлээсээр.
Хэсэг хугацааны дараа өнөө эр гарч ирээд цус нөж болсон гараа тортогтой хар алчуураар арчин цэвэрлэв. Тэр эр айдас төрүүлэм хүйтэн төрхтэй, аварга том биетэй, нүд нь эрүүл бишээр гялалзсан хүн байлаа. Гарч ирэхдээ их л таашаалтай гарч ирсэн тэрбээр удалгүй өөр нэг өвчтөний өрөөнд яваад орчихов. Сэмүэлийн санаж байгаагаар энэ Сэлма гэх охины өрөө байсан бөгөөд түүнийг оров уу үгүй юу охин муухай чарлаж эхэлсэн юм. Охины дуу нэг чангарч, нэг суларсаар сүүлдээ гарахаа ч болив гэнэ. Дахиад л хэдэн минутын дараа өнөө эр бах тав нь ханасан байртай гарч ирээд энэ удаад хэсэг суулаа. Доошоо суусан хэрнэ л нүсэр том харагдана. Нэлээд суусны эцэст дахин хэн нэгний өрөө рүү явж орох шиг болов. Энэ Жонатаны өрөө болохыг Сэмүэл гадарлаж байлаа. Түүний өрөөнөөс өмнө хоёр шиг дуу чимээ гарсангүй. Харин үл мэдэг бүгтхэн түр тархийх чимээ гарсан ч төд удалгүй өнөө эр өөрөө муухай архирах мэт дуугарч, гэнэтхэн л хэн нэгнийг хана руу савах нь уу гэлтэй дуун гараад доод хонгил тэр аяараа доргих шиг боллоо. Сэмүэл бүр ч цонхийн цайгаад дээш гарахаар зүглэх гэтэл ард нь нөгөө хүн гарч ирэх нь тэр. Хоромхон зуур яахаа мэдэхээ байлаа. Одоо ингээд гарах гэвэл холдож амжилгүй баригдана гэдгээ мэдэж байсан тул буцаад нуугдахаас өөр аргагүй болов. Аймшигт эр амандаа хараал урсгасаар хаалга уруу зүглэлээ. Түүний лагс том бие хажуугаар хүнд хүнд дэвслэн өнгөрөх төдийд шал тааз доргиж байна гэнэ.
Түүнийг баттай гарч явсныг мэдмэгцээ Сэмүэл өнөө хэд дээр очлоо. Харж байгаачлан тэр буцаагаад цөмийг цоожилжээ. Өөрийн гэсэн түлхүүртэйг харвал тэр энгийн нэгэн биш бололтой. Хамгийн мухрын өрөө цонх үгүй тул яаж ийж байгааг нь мэдэх боломжгүй байв. Дараа нь охины өрөөний цонхоор харвал тэрээр орон дээр үхсэн мэт хэвтэнэ. Түүний нуруугаар хүйт даан охиныг үхсэн байх вий гэхээс нүд нь харанхуйллаа.
"Сэлма, Сэлма" гэж түүнийг дуудсан боловч охин хариу өгсөнгүй. Гэнэт ард нь "Охин амьд байгаа, санаа зоволтгүй" гэх сулхан хоолой сонсогдлоо. Энэ Жонатан байв. Сэмүэл ухасхийн цонхон дээр нь ирээд харвал тэр орныхоо буланд эвхрэн сууж байхыг жижиг цонхоор тусах сарны гэрэлд олж харсан юм.
YOU ARE READING
Faraway Asylum(Completed)
ParanormalУчрах ёсгүй үедээ учирч, уулзах ёсгүй газраа уулзсан тэд ийм л тавилантай байлаа.. Алсын холын тэр нутаг..
