Түүний аврал эрсэн харцыг хараад яахин зүгээр өнгөрүүлж чадах билээ. Түрхэн зуур түүнийг сэтгэцийн өвчтөн гэдгийг мартаад хөдлөх гэтэл ард нь хэн нэгэн "Доктор оо, та юу хийж байна?" гэх нь тэр. Рэйнолдс эмч өвчтөнг уснаас гаргасныг үзээд "Яагаад түүний эмчилгээг тасалдуулав?" гэж зандарлаа.
"Өршөөгөөрэй, эмчилгээний цагийг нарийн тодорхой мэдээгүй учир хангалттай удсан болов уу гэж таамаглаад гаргасан минь энэ билээ. Дур мэдэн ийм зүйл хийх ёсгүй байжээ." гэж аль болох тайван арга эвийг нь олохыг хичээж байв.
"Санаа зоволтгүй. Та бол доктор хүн. Надаас илүү мэдэж байхыг үгүйсгэхгүй юм. Гэвч бидний хуваарийн дагуу эмчилгээг үргэлжлүүлэх ёстой. Та мөстэй усан эмчилгээг тохирохгүй гэж үзэж байвал бид өөр эмчилгээг өвчтөнд санал болгох болно. Дургүйцэхгүй бол түүнийг аваад явъя." гээд асрагчид Жонатаныг авч явахыг тушаав. Сэмүэл хариу юу хэлэхээ мэдэлгүй хий дэмий ардаас нь харан үлдвэл Жонатан ч мөн амаа үдүүлсэн мэт боловч тэргэнцэр дээрээсээ түүн рүү эргэн эргэн гунигтай харсаар байлаа.
Энэ удаа түүнийг нөгөө дүүжинтэй сандалд суулган хүлжээ. Энэ эмчилгээг түүнд бичээгүй байсныг сайн санаж байсан ч өөр арга байсангүй. Түүнд юу тохиолдохыг харан зогслоо. Жонатан өнөө л аврал эрсэн харцаараа Сэмүэлийг зогсолтгүй ширтсээр байв. Сандлыг хөдөлгөн савлуулж эхлэхэд ч түүн рүү ширтэхээ больсонгүй. Удалгүй сандал хурдтай эргэж эхлэхэд толгой нь дүйрсэн тэр бээр нүдээ тас аниад хамаг биеэ чангалж байгаа нь мэдэгдэнэ. Хэсэг хугацааны дараа тэр ухаан балартаж толгой нь хөсөр унжлаа. Гэсэн ч тэд эмчилгээг зогсоосонгүй. Эргүүлсээр, эргүүлсээр байв. Сэнсэртэл эргүүлсний дараа нэг юм сандлыг зогсоож, түүнийг буулган авжээ. Эмчилгээнүүд дуусч тэднийг платанд нь хүргэхээр явах үед Сэмүэл аймшигт өдрийг давсандаа санаа амарсан ч огтхон ч тус хүргэж чадаагүй дээ гонсгор үлдэв.
Оройн хоолон дээр өнөө этгээдийг гарч иртэл Сэмүэл тайвширчихсан байсан юм. Түүнийг хармагцаа сүнс нь зайлчих шахав. Тэр юу ч болоогүй мэт хоолны ширээний ард сууж байлаа. Рэйнолдс эмч оройн хоол ирсний дараа хундгаа тогшиж "Ньюгэт эмч ээ. Танд Доктор Седрикийг танилцуулмаар байна. Та хоёрыг танилцаж амжаагүй гэж сонслоо. Тэр миний гарын шавь, бас миний том хүү байгаа юм." Үүнийг сонсоод Сэмүэл идэж байсан хоолондоо эгээтэй хахаад үхчихсэнгүй. "Түүний хүү гэв үү дээ?"
"Харин тэр бол доктор Сэмүэл Ньюгэт. Манай шинэ эмч." гэж хүүдээ танилцуулна.
"Танилцсандаа туйлын таатай байна" гэх тэр бээр урьд шөнө харсан аймшигт араатан лугаа төс огт байсангүйгээр үл барам тун ч соёлтой загнаж байх юм гэнэ.
YOU ARE READING
Faraway Asylum(Completed)
ParanormalУчрах ёсгүй үедээ учирч, уулзах ёсгүй газраа уулзсан тэд ийм л тавилантай байлаа.. Алсын холын тэр нутаг..