Тэр эрийн үс, хувцаснаас ус дусалж байлаа. Хаанаас гараад ирснийг нь бодох зуур Рэйнолдс эмч өнөө эрийг зөөлөн алгадаж сэргээх гэж оролдов. "Жонатан, Жонатан!" Залуу сэрсэнгүй. Эмч нүдийг нь гараараа нээгээд ухаантай байгаа үгүйг нь шалгасны эцэст сувилагчид хандаж "Үргэлжлүүл" хэмээн тушаав.
"Эмчилгээний явцад байнга ийм юм тохиолдоно. Эд өөрсдийн ухаангүй байдаг тул заримдаа самуурч, ухаан нь орж гардаг. Хариу арга хэмжээг нь сайн авбал удалгүй ухаан орчихно доо." хэмээгээд Сэмүэлийг дагуулан явав. "Өнөөдөртөө хангалттай. Та одоохондоо миний дагалдан учир хэсэгтээ бичиг цаастай зууралдах нь дээ. Сайн ажиллаарай хүү минь" гэж хэлээд тэрээр Сэмүэлийг баахан бичиг цаасан дунд үлдээгээд явж одов. Ирсэн даруйдаа бичиг цаасанд дарагдана чинээ санаагүй Сэмүэл цөхрөнгөө барж эхэллээ. Энэ эмнэлэгт барагцаалбал дөчөөд өвчтөн, тэднийг харгалзах дөнгөж 10 гаранхан хүн байгаа нь сонин санагдав. Тэд яаж энэ бүх галзуу өвчтэй хүмүүсийг харж цагддаг байна хэмээн бодлоо. Тэдний бүгдийнх нь бичиг баримт, гэрчилгээ, өвчтөний тодорхойлолтуудыг тэр эхнээс нь нягтлан үзэж цэгцэлнэ.
"Жеймс Дуглас..", "Жэйсон Бөрн..", "Жонатан Клинвүүд.. Жонатан.. энэ нөгөө өвчтөн байна." Санаанд нь хамгийн тод үлдсэн өнөө хачирхалтай эмгэгтэй хүн. Өвчний тэмдэглэлийг нь сонирхон нээж үзлээ. Эхний нүүрэн дээр тэдний энд ирэхдээ татуулсан гэрэл зураг байдаг ажээ. Харин энэ өвчтөний зургийг хараад доктор бага зэрэг гайхлаа. Тэр бусдаасаа ялгаатай нь маш эрүүл харагдсан хэрэг. Туранхай шөвгөр царай, хар цагаан гэрэл зурган дээр ч тод мэдэгдэх доод зовхины хөхөрсөн байдал. Энэ бүгд биш, харин хүний жинхэнэ төрхийг илтгэдэг нүд нь цоо эрүүл байсан юм. Түүний харц зовуурьтай цөхрөнгүй харагдсан ч бусад сэтгэцийн өвчтэй хүнтэй харьцууламгүй тунгалаг ариун бөгөөд эрүүл саруул нүд байлаа. Үнэндээ сэтгэцийн өвчтэй хүний нүд цэхийчихсэн байдаг билээ. Тиймээс тэр машид гайхав. Рэйнолдс эмчийн хэлснээр гаднаа эрүүл харагддаг нь энэ өвчнийх нь онцлог шинж тэмдэг юм болов уу.
Өвчний тэмдэглэл дээр Рэйнолдс эмчийн хэлснээр бэлгийн дур хүслийн гажуудал гэж тодорхойлоод эмчилгээн дээр нь эмэн эмчилгээ, усан эмчилгээ, сүүлд нь цахилгаан эмчилгээ гэж бичжээ. Эм тариа, усан эмчилгээний ард "хэрээс" тэмдэглэгээ байсан бол цахилгаан эмчилгээ хоосон байлаа.
Сэмүэлийн эм тариагаар эмчлэх аргыг мэдэх боловч эдгээрт бичсэн шиг усан, цахилгаан, номхруулах сандал зэрэг механик зүйлсийн талаар сайн ойлгосонгүй. Их сургуульд ийм зүйл заадаггүй байлаа.
YOU ARE READING
Faraway Asylum(Completed)
ParanormalУчрах ёсгүй үедээ учирч, уулзах ёсгүй газраа уулзсан тэд ийм л тавилантай байлаа.. Алсын холын тэр нутаг..