Оршил

2.1K 135 9
                                    

Феодалын нийгэмт Солонгосын урт удаан түүхэнд гарал угсаа доогуур ч нийгэмд чухал нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэгэн давхарга чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

Бидний сайн мэдэхээр Дууч эмс буюу Гинёо нар нь боол гаралтай, сайтар бэлтгэгдсэн, дуу бүжиг зэргээр өндөр дээд зиндааны эрчүүдийг баясгадаг зугаацуулагчид байв. Олонд танигдсанаар нь тэднийг Солонгос маягийн Гейша гэж үзэх нь бий.

Солонгосын үе үеийн түүхэнд Гинёо нар улсаас зөвшөөрсөн зугаацуулагчид байж, төрийн янз бүрийн үйл ажиллагаанд оролцон, улсын  хэрэгт хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Хааны ордонд олон тооны Гинёо нар ажилладаг байсан ба цаашид улс орон даяар тархаж, Солонгосын урлаг, уран сайхны томоохон төлөөлөгчид болсон байна.

Тэд сайтар бэлтгэгдэж, олон зүйлийн эрдмээр хичээллэдгийн дотор уран зураг, шүлэг яруу найраг, утга зохиол зэрэг багтдаг бөгөөд хэдий угсаа гарвал доогуур ч сайтар боловсорсон уран сайханчид хэмээн хүндлэгддэг байжээ. Урлаг уран сайхнаас гадна эмнэл домнол, оёдол эсгүүрт суралцдаг байв. Тэд Солонгосын ардын урлаг, уламжлалт соёл шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Гинёо нарын түүх хаанаас эхтэй болохыг сөхөн үзвээс үүсэл гарвал нь Нэгдсэн Шилла улсын үед буюу 7-9-р зууны хооронд хамаарна. Тухайн үеийн Хуаран буюу элит бүлгийн хүлэг баатруудын өмнөх үе болох Вонхуа нь анхны Гинёо байжээ. Гэвч тэдний хооронд нэгэн том ялгаа байсан нь, Вонхуа нь Шиллагийн дээд зиндааны гэр бүлээс гаралтай байсан бол Гинёо нь хэзээд доод давхаргынхан байж ирсэн.

Өөр нэгэн эх сурвалжид бичсэнээр Нэгдсэн Шилла болон Гурван улсын үе дуусаж, Гурёо улсыг үндэслэн босгосон тэр цагт хуучин Пэгжэ улсын иргэд эх нутгаасаа дүрвэн гарч, хагас нүүдлийн хэв маягт орсон бөгөөд Гурёогийн анхны эзэн хаан Тэжу тэднийг улсын аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзсэний үндсэн дээр боолчилж эхэлснээр Гинёо бий болсон гэдэг.

Угсаа гарвал үл хамааран Гинёон хувь заяа Гурёо улсын үед бүрэлдэн зурагдсан ба энэ үед л тэд нийгмийн тогтсон нэг давхарга болж, олон танигдсан билээ. 12-р зууны төгсгөл гэхэд тэдний тоо толгой хурдацтай өсөн нэмэгдэж, үүнээс улбаалан Гинёо нарын данс бүртгэлийг хөтөлж эхэлсэн ажээ. Мөн энэ үед анхны Гинёон сургууль бий болж, нарийн чанд бэлтгэж эхэлжээ. Төрийн сургуульд бэлтгэгдсэн Гинёо ордонд үйлчлэх эрхтэй болно. Тэдний ордонд гүйцэтгэх үүрэг бусад төрийн албан хаагчдын нэгэн адил чухал байр суурьтай байлаа. Тэд хаанд, хааны ихэс дээдэст үйлчилдэг байв. Энэ уламжлал Чусоны үед ч үргэлжлэн тогтжээ. Тэд мөн төрийн аливаа баяр ёслолд оролцох ба тэдний байр суурь төрийн боол нэр дор бичигдэн үлджээ.

Kisaeng(Completed) Where stories live. Discover now