Гүнжийн бие удалгүй сайжирлаа. Охин нь өвдсөнд хаан чухам дуу муутай, захирагчид тун талгүй байна. Гэсэн ч тэдний ая талыг харж гүйцсэн захирагч завсар олдмогц хүрээлэн рүү давшив. Хотоор тарсан цэргүүдээсээ сонсох нь ээ Жин Сон хүрээлэнгийн эзэгтэй эрлээс нэгэн хоногийн дараа өргөөндөө ирсэн гэнэ. Энэ мэдээгүй сэн бол захирагч өдийд амиа тавин хаа сайгүй хөлийн гарз хийж явах байсан биз.
Түүнийг ирэхэд Жин Уг өргөөндөө оруулсангүй. Хэчнээн тайлбарлаж гуйлаа ч, зандарч тушаалаа ч хүрээлэнгийн зарц нар эзэгтэйнхээ үгийг сайтар биелүүлж, захирагчийг оруулсангүй ээ. Арга барагдсан тэр бээр тэр өдрөө сэтгэл тун дундуур буцаж, өөрт урам их хугарлаа. Яахын аргагүй Жин Уг түүнд гомдож, яарсан цагт ирсэнгүй хэмээн хилэгнэж хэмээн таалаа. Арчаагүй байдлаасаа тэр ичив. Толгой нь өөрийн мэдлийнх биш, өөр хэн нэгэнд чухам эзлэгдэн хүлэгддэг энэ өчүүхэн байдлаа тэр үзэн ядав. Ямар сул дорой, яасан хулчгар хүн бэ би...
Үнэн хэрэгтээ Жин Уг түүнийг оруулаагүйн учир, өнгөрсөн явдлаас болоод сэвтсэн төрхөө нуусных байжээ. Тэр хүн харахын эцэсгүй болтлоо хөх няц болчихсон, хөл гар нь хөдлөхийн аргагүй хөндүүр болчихсон байсан тул энэ чигээр нь харчихвал яавч олигтой зүйл хүлээгээд нэмэргүй гэж хэрэндээ ухаарч байсан тул ингэсэн хэрэг л дээ. Мөн дээрээс нь өнөөх аюумшигт хүмүүс Жон захирагчийг өргөөндөө хүлээж авдгаас болж л энэ бүхэн боллоо гэж гэм бурууг өөрт оноож байв. Энэ маягаар түүнийг ирлээ ч хүлээж авахгүй бол дахиж ирэхээ байна, тэр цагт түүнийг, тэднийг сэжиглэхээ болино. Дахиж ийм байдал үүсэхгүй гэж сэтгэж л дээ. Хөөрхий энэ удаа их гэнэн боджээ. Яалаа гэж захирагч ганц ирээд болих билээ дээ.
Тэр олон өдөр хоног дараалан ирэв. Хүлээж авахгүй няцаагаад байхад л тэр эцэж цуцахыг үл мэдэн өдөржин хүлээдэг байв. Хүлээгээд л хүлээгээд л. Сүүлдээ гүнжийн эр нөхөр, төрийн жонон эмсийн хүрээлэнгээс салахаа байлаа гэх цуурхал гарч, хар муугаар өчнөөн хэлүүлэв. Урьд нь хэний ч сонирхохгүй жижиг хүн байсан тул хүрээлэнд ирж буцлаа ч сонирхох хүн байсангүй л. Харин одоо алтан ургийн гишүүн, хааны дараа орох өндөр хэргэмт нэгэн болсон тул амтай бүхэн түүний талаар жиг жуг гэнэ.
Ганцхан түүний талаар ч биш, гүнжийн талаар цуурах болов оо. Гүнж эрдээ гологдов уу, тэжээсэн бяруу тэрэг эвдэв үү, даварсаар даварсаар дагвын оронд гарав уу, гүнжийн толгойг залгив уу, гүнж арга суу зальгүй ноомой нэгэн байв гэхчлэн түмэн яриа гарч, бүр тэр нь ам дамжин явсаар үлгэр домог лугаа болж, гудамж зээлд тэдний талаар жүжиг тавьдаг болж гэнэ ээ.
YOU ARE READING
Kisaeng(Completed)
Historical FictionФеодалын Солонгосын урт удаан түүхэнд гарал угсаа доогуур ч нийгэмд нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэгэн давхарга чухал үүрэг гүйцэтгэж иржээ. Бидний сайн мэдэхээр Дууч эмс буюу Гинёо нар нь.....