1.3K 96 12
                                    

"Эзэн хаантан морилон ирлээ!"

Төрийн тэргүүн түшмэл Эзэн хаантныг морилон ирснийг дуулгамагц их өргөөний хаалга сэвхийн нээгдэж, сүр хүчит эрхэм дээдэс сайд албатуудын өмнүүр зүсэн, алтан сэнтийдээ заларлаа.

"Эзэн хааны амгаланг айлтгая!" хэмээн албатууд дөрвөнтөө мэнд мэдсэний дараа хаантан албаа эхлүүлж, сайд түшмэдийн өргөсөн бичгийг дээжлэн уншиж эхлэв ээ.

"Хаантаан, энэ зуны адаг сарын шинийн арван тавны билигт сайн өдөр та дөчин насыг зооглоно. Гэрэлт таны насан баярт зориулсан ордны их найр наадмыг нижгэр сайхан зохиохын тул алба гувчуураас цугласан арвин их алтан зоос бүхий ордны сан хөмрөгөөс мөхөс би бээр суутган зарцуулах аваас эрхэм дээдэс болгоож ажаамуу." хэмээн сангийн сайд мэхэсхийв.

Хаантан сайд руугаа цоргих мэт ширтээд, "Би бээр дөнгөж дөч шүргэж, Хатан эх минь ч амьд сэрүүн атал олноор надад зориулж найр наадам хийх юун. Та бүгдийн өргөх бэлэг сэлтийг би болгоох тул Хатан эхэд минь зориулсан насан баярын найрыг нижгэр сайхан үйлд. Их дагина минь мөхөс хүү намайгаа төрүүлж буян үйлдсэн ачит хүмүүн тул дээдийн хүндлэлийг үзүүлнэ хэмээн найднам." гэж уянгат үгсийг ширүүн дориун хоолойгоор өгүүлээд энэ сэдвийг хаалаа.

Төлөвлөсөн зүйлс нь талаар болж буйд зүүний сайд түшмэд тун дурамжхан, цаашид яах ийхээ дахин бодолцохоос өөр аргагүй болов.

Орой үдшийн цагаар зүүний сайд ноёд зүүн гарын тэргүүн сайдын өргөөнд цуглаж найрлах нэрээр улс төр, өгөө аваагаа ярилцана. Тэргүүн сайд алгаа ташин "Ороод ир" гэхүл хамгийн захын үүд онгойн идээ ундаа, архи сархад бүхий цар барьсан олон дууч эмс орж ирээд цугласан хүн бүрийн хажууд очин суув. Тэргүүн сайдын ивээлийг хүртэн, сархад хундагалан суугаа Хэнсү зиндааны Гинёо бусад Гинёо нараасаа эрхгүй өөр, эрхэмсэг харагдах агаад, бусад охид шиг эзэнтэнд наалдан ойртолгүй, зайнаас алгуур үйлчлэх нь хэзээний туршлага суусан хүн болохыг илтгэнэ. Тэрбээр эдгээр Гинёо нарын эзэгтэй, уушийн газрын эзэн боловч нас залуу, цус шингэн. Анх ордонд үйлчилдэг байсан ч хорин нас өнгөрмөгц өөрийн гэсэн уушийн газартай болж чадсан ховорхон чадвартай нэгэн байлаа. Зүүн гарын тэргүүн сайд түүнд тун чиг талтай, уушийн газрыг нь үргэлж ивээдэг нэгэн байв. Хэдий тийм боловч тэр уушийн газрын эзэгтэйг санаан зоргоор оролдож үл чадна. Гинёо эзэгтэй нар өөрийн хүслээр хөдөлдөг ховорхон эрх дархтай цөөн хүмүүсийн нэг байлаа.

Kisaeng(Completed) Where stories live. Discover now