516 48 21
                                    

"Түүнийг ингээд хүрээд ирнэ чинээ санасангүй. Урьд гарсан хэрэгтэй холбоотой гэсэн таамаг минь оносон буй за. Гэвч юунаас ч эмээлгүй ордонд орж ирсэн нь ардаа тулгууртай, айх юмгүй гэдгийг илтгэнэ. Тэр юунд найдаж байгаа вэ? Зүүнийхэнд үү? Хааны томилох тушаалд уу? Хаан түүнд ямар алба оноох нь энэ вэ? Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны сайд гэв үү? Улсын гадаад явдлыг түүнд атгуулна гэж үү? Бид одоо яавал дээр вэ?"


"Жин Уг минь."

Жон ахлагч албан үүрэг нэмэгдсэнээс хойш хүрээлэнгээр орж гарах нь эрс багасчээ. Эрхгүй хоног тоолон хүлээж хүлээж нэг золгодог болов. Хааны алба хэчнээн хүнд, амьдрал хэчнээн уйтай. Олдож байгаа тачирхан хором мөчийг ашиглан гар гараа атгалцан суухдаа Жон ахлагч түүнийг зөөлөн дуудлаа.

"Чи тэр Сог Мин Жононг хүлээн авч, дайлж цайлахгүй байж болдоггүй юм уу?" гэж цаанаа нэг уйтай дуугарна.

"Та минь юу хэлэхийг хүснэ вэ? Сэтгэл тань юунд ингэж чилэв? Би тэр хүнд бусдын л адил хойрго үйлчилдэг шүү дээ. Сэтгэл тань амарна уу?"

Жон ахлагч уртаар санаа алдаж,

"Түүндээ биш болов. Сог Мин Жонон бол хумсаа нуусан аюумшигт бар. Үнэхээр аюултай хүн гэж байна. Чамд ямар нэг зүйл болох вий гэхээс би ихэд цэрвэх юм."

"Хэр аюултай хүмүүн болохыг нь би гадарлахын дээдээр гадарлаж байна. Гэвч дорд би бээр ердөө нэг муу боол эм шүү дээ. Сог Мин Жонон шиг лут том хүнд хаалга үүдээ тайлж өгөхгүй бол өчүүхэн би толгойгүй болно. Таныхаар болдог бол хэчнээн сайхан бэ? Гэхдээ бүү санаа зов. Би бүхий л эрдэм чадал, арга мэхээ хэрэглээд ч болтугай аюулгүй байдлаа сахин хамгаалах тул та бүү чил. Магад энэ хүнээс илүү олон зүйл сонсож, танд, хаан төрдөө тус нэмэр болох ч юм билүү?"

"Тэрнээс чинь л айж байна. Хэрэв тэд чамайг мэдчих юм бол яасан ч амьд үлдээхгүй дээ."

"Таныг, өчүүхэн толгойгоо хамгаалахын тулд нарийн ухаанаа заръя. Би чинь Чоллод алдартай сийрэг ухаант Жин Уг шүү дээ. Яасан ч хар авхуулахгүй байя."

Өөрийгөө үл хайрлан өргөст мөчрөөс зүүгдэж буй гургалдайг хараад Жон ахлагчийн сэтгэл яахаа мэдэхээ болив. Болиулж эс чадна, тусалж эс чадна. Хэчнээн гашуун.

"Тийм бол бүсгүй хүний арга мэхээ хурцалж, тэр хүнийг номхруулж хайрла. Битгий өөрийгөө аюулд унага, өөрийгөө бүү жигшээ. Бас барын ам руу битгий гүйж ор. Урсгал ус хад чулууг мөлийлгөдөг юм. Уян зөөлөн ханд, ухаанаа заран тулалд. Хамаагүй битгий ойрт. Халуун дулаан үгсээр л хуур. Амь насныхаа төлөө энэ бүгдийг хийж мөрдөнө гэж надад амла. Чамд гай тохиолдвол би яахин мэнд явах билээ. Миний төлөө, чи амьд байх ёстой. Барсыг хуурч урхинд оруулах буга зээр лугаа аягла. Хэн ч бүү шиншлэг." хэмээн хоёр гарыг нь энгэртээ атган бариад, нүд уруу нь цоргих мэт ширтэж, чин зүрхнээсээ гуйлаа. Жин Уг ч толгой дохин зөвшөөрч, амьд гарна гэдгээ тангараглалаа.

Kisaeng(Completed) Where stories live. Discover now