• • •бүлэг арван хоёр.
ЦОЧИМ ТАЙТГАРАЛ.
• • •Хаврын хавсаргатай, халуун нартай ч хайрсан салхитай, хурмамтын хаяанаа борооны үүлс бүрхэн атиралдсан ч хур нь бууж өгдөггүй хачин жигтэй өдрүүд үргэлжилсээр...
Ийм л ааш нь олдохгүй аандаа л цахилан улирах цагаар Эрвээхий эгээ л өөрөө эрвээхий аятай цэцгэн хүүг эргэж тойрох боллоо.
Адраас нь хүрэн улаан хөшиг хөврөн унжсан уушийн газрын умгархан модон тайзан дээр дөрвүүлээ хэдэн хөгжимтэйгөө багтаж ядах хамтлагийг нь үе үе ирж сонсоно. Тэгээд янжуурнаас боссон хиймэл үүлсийн хөвөөнд ямх бяцхан мөнөөх ширээнээ суугаад хичээлээ хийж буй бололтой номоо шагайчихна. Орж гарах хүмүүсийн харцанд бүдэг ягаан хүрмээ нөмөрчхөөд бүүдгэр гэрэлд бичиг үсэг гарган, юуг ч юм унших охины дүр эвэртэй туулай шиг л үзэгддэг бололтой, сорох утаандаа сонжсон үгсээ хачирлан хуучилж суух нь олширчээ. Жиг жугхийгээд л замхрах тэдний яриа, жингэнээд л өнгөрөх хаалганы хонх. Бүгд түр зуурынх. Харин Жонгүг. Байсхийгээд л Эрвээхий рүү харна. Хагас нот, хальтарсан эгшиг. Харц дүүрэн хавар. Хавар дүүрэн ягаан. Тэгээд хүү сэвэлзээд л мартагдах салхи шиг, сэмхэн ниссэн навч шиг, сарны шивнэсэн нууц шиг сарниад л өнгөрөх инээмсэглэлээ хальтхан зүүгээд харж амжаагүй байхад нь буруулна. Цөөхөндөө л охин харцыг нь хариулж таардаг юм. Цөөхөндөө л тохиох тэр хормуудыг хүүрнэх эзэн нь хэрэв Жонгүг байсан сан бол цэх суун өөрийг нь ширтэх охиноор эхэлсэн өнөөх өгүүлбэртээ хэзээ ч цэг цохохгүй байсан биз ээ. Тэр л харцан дээр нь дахиад жаахан л саатах гэж, санаандаа арай тодоор үлдээх гэж... Гэхдээ тэгж удах нь хэн хэндээ гэмтэй учраас ер хэрэггүй. Буруулах нь л зүйтэй...
YOU ARE READING
THE GUITAR STRINGS I USED TO DANCE ON. жон жонгүг.
FanficТүүний гитарын чавхдас. Тэндээс төрсөн ариухан эгшиг. Тэгэхэд л би дальтай байсан. хар background тохируулан уншина уу. • ©️guzeelzgene, 2019