Өргөн шатаар дээш авирч урт уртаас урт хонгилоор алхаж байхдаа ч сонссон мөчөөсөө цочирдоогүй надад одоо ч гуних, гутрах бүр баярлах ч мэдрэмж төрсөнгүй.
Зүгээр л бүх зүйл болох ёстой байсан юм шиг. Үнэхээр аав үүнд л намайг бэлдсэн юм болов уу гэлтэй.
Өрөөний өмнө ирэхэд тэд намайг хүлээж байхыг сануулаад хаалганы гадна үлдээн орлоо.
' БАЙЖ БОЛОМГҮЙ ХЭРЭГ! '
' ТЭР ЕРДӨӨ ЕСХӨН НАСТАЙ ААВ АА! '
Авга ахын дуу харшыг дүүргэв үү гэлтэй хадахад ч би цочирдсонгүй.
Удалгүй өрөөнөөс томчууд гэж өөрсдийгөө нэрийдсэн өнөөх хүмүүс гарч ирэв.
Авга ах болон түүний эхнэр уурандаа бахардан байгаа аятай над руу харж дараа нь тайван бөгөөд хувиралгүйгээр бүхэнтэй эвлэрэх эцэг эх рүү минь ширүүхэн харчихаад толгойгоо сэгсрэн явж одлоо.
' Хонгор минь, өвөөгөө эцсийн замд нь үдэж өг. '
Би толгой дохин өрөө рүү орвол танихгүй хүмүүс ч байсны дээр ээжийг дохиход өвөө рүү дөхөн очлоо.
' Ухаантай охин. Дусал ч нулимс унагаахгүй байгааг нь хараач. Тэр төгс тохирно. Миний байр суурь түүнд төгс тохирно. '
Хатаж сааралтсан хоолойгоор өвөөг ийн хэлэхэд би мөн л хэвийн төрхөндөө түүний магтаал ч гэмээр үгсэд бөхийв.
Өвөөг чичгэнэсэн гараараа дохиход ээж надад хандан :
' Хонгор минь өвөөдөө ойрт. '
Амьдралдаа анх удаа түүнд ойр байсан нь энэ бөгөөд тэр гараас минь атгаад духыг минь үнэртэх бөгөөд :
' Эдгээр хүмүүсийг харж байна уу? Тэдний хуурамч нулимс тэднийг ямар сул дорой, хүчин мөхөс харагдуулж байгааг сайн хараад ав. Сайн хар. Ялагдагчид л сэтгэл хөдлөл, шуналдаа захирагддаг юм. '
Намайг түүнээс холдоход түүний дэргэд өмгөөлөгч ноён зогсох бөгөөд түүний үлдээх бүхий л өв хэрхэн яаж хуваагдаж байгааг тайлбарлаж байх бөгөөд энэ үед саяхан л уйлж байсан хүмүүсийн нүд нь улайрч, шүлсээ залгин анхааралтай сонсоход хуурамч нулимснаас илүүтэй шунал нь тэднийг араатан мэт харагдуулж байсныг нуух юун.
Тэр үүнийг л хэлээд байж.
Өмгөөлөгч хэлэх зүйлсээ дуусган хавтастай бичиг баримтаа хаахад :
' Гэхдээ өв залгамжлах асуудалыг хэлэлцсэнгүй. '
Авга эгчийн нөхөр ийн дуу алдахад бүгд л хоолойгоо засан түүнийг ямар ичгүүртэй зүйл хөндсөнийг нь сануулахад өвөө ирсэн мөчөөсөө ямарч хувирал гаргаагүй зогсох эцэг эх рүү минь харцаа шилжүүлэхэд аав :
' Сун захирал ирж байгаа гэсэн. Түрүүн холбогдсон аав аа. '
гэж хэлмэгц өрөөнд хоёр эрэгтэй орж ирэхэд бүгд л дуугаа хураан тэдний зүг харлаа.
Орж ирсэн цагаас уур амьсгал тэднийг ямар чухал хүмүүс гэдгийг илтгэх байв.
Тэд өвөөгийн өмнө очин бөхийхөд хүн бүр л над руу ээлжлэн харах нь мэдрэгдэж байлаа.
' Сун ноён, би түүнийг хармаар байна. '
Өвөөг хэлэхэд Сун ноён өөрийн ард зогсох ахлах сургуулийн дүрэмт хувцастай хүүг урагш дуудахад хүн бүр л түүний сүржин алхааг дагуулан харж байв.
Өвөө түүнийг мөдгүй анивчих нүдээрээ сонжин харж байснаа :
' Хүчирхэг юм. Яг л аав шигээ. '
' Та шийдвэрээ гаргав уу? '
Өмгөөлөгчийг хэлэхэд :
' Тийм ээ, одоо батла. '
Хэмээн хурууны хээгээ цаасан дээр үлдээхэд хүн бүр чимээгүй дуу алдацгаах нь мэдрэгдэв.
Өмгөөлөгч ахин хавтасыг нээн :
' PJ групын захирал Пак Жисоны тушаалаар түүний гэрээслэлд групын өөрт хамаарагдах хувьцаа болон хөрөнгийн 90 хувийг мөн түүнчлэн групын эрх мэдлийг өөрийн ач охин Пак Ерин болон түүний сүйт залуу Сун Мину нарт өвлүүлж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. '
' Аав аа та яаж есөн настай охинд бүхнийг даатгана гэж? '
' Захирал аа та ахиад нэг бодоод үзвэл- '
Хүн бүр л өвөөгийн сүүлчийн тушаалд ам тавьж маргалдах бол өмгөөлөгч тэдэнд тайлбар тавихыг хичээж байлаа.
Яг одоо бүхнийг орхиод гараад гүйчихмээр байна.
Энэ үед л түүн рүү тогтон харахад тэр ч над руу ширтэж байсан юм. Түүний эхэмсэг бөгөөд ширүүн дүр төрх болж буй бүхэнд огтоос хувираагүй бөгөөд бүх зүйлд хэдийн бэлэн байгаа харагдах нь надтай адилхан санагдсан ч түүний уруулд хачин гэлтэй инээмсэглэл тодроход түүнээс илүү аюултай зүйл мэдрэх нь тэр.
__________________________________
Ингээд бас нэгэн бичвэрээ эхлүүлж байна аа. Энэ удаа илүү хүнд хэлбэрийн бичвэр байх бөгөөд насны хязгаарлалттай гэдгийг ч сануулж байна. Ямартай ч эхний хэсэг маань удахгүй орно оо~