Дахин нэг азгүй сүнсний гомдол Олимпуст ирэв. Хайр сэтгэл, үзэсгэлэн гоогийн охин тэнгэр Афродита тавь дахь удаагаа ийм гомдол сонсож буйдаа хилэгнэн уран тансаг мутраа чангаар атгаж түүний сүү мэт арьсан дээр улаан туяа татна.
Түүний бэлгийг үл тоон, хайрыг дорд үзэж буй нь түүнийг цаашлаад Олимпусын бурхдыг дорд үзэж буйтай агаар нэг мэт охин тэнгэрт санагджээ.
Хөөрхий дурласан сүнсийг доод тив рүү илгээчихээд охин тэнгэр сэнтийдээ тогтож ядан займчиж хайр энэрлийн бус дайны харангын бурхан мэт нүдэнд нь хорсол очтоно.
Охин тэнгэр түүний ивээлийг хүртсэн залуу эрийг дотроо төсөөлөн тарни мэт зарлигаа гурвантаа давтан уншихад Ким Согжиний үхэл тамын хааны дэвтэрт уртаас урт дарааллын эцэст цусан бэхээр бичигдэв.
Тамын хаан гэнэтхэн гараад ирсэн улаан нэрийг дагалдах зарлигтай нь чангаар дуудлаа.
"Ким Согжин:
Өнчин хайртай учирч
Өөрийгөө идэж дуусаг!"Ховорхон ирдэг бурхдын тушаалыг тэрээр хорьж цааргалалгүй тамга дарав.
И
нгээд Ким Согжин хэмээгчийн үхэх өдөр айсуй...
Согжин бурхдын оронд юу болсныг, өөрийнх нь үхэл ойртож буйг үл гадарлан өнөөх л бардам, ихэмсэг алхаагаараа алхлан түүнд ирсэн бэлэг сэлтийг үрэх аятай газар хайж явав. Эдийн дээдийг эдэлж, идээний дээдийг амсаж буй түүнд хүсэл гэх зүйл үгүй болжээ.
Тосгоны бяцхан мухлагуудыг зөрөн явж "Лэйриоп" гэж тансаг үсгээр шивсэн цэцгийн дэлгүүрийг олж харав. Дэлгүүрийн нэр түүнд танил санагдсаных уу эсвэл тэр хэзээ ч цэцгийн дэлгүүр орж үзээгүйгээс болсон уу түүний сонирхол төрөн сэтэлж хаалга болгосон байшингийн нэг талаар дотор нэвтэрлээ.
Хаа сайгүй үзэсгэлэнтэй анхилам цэцэгс өнгө алаглуулан түүн рүү мишээх авч түүний сэтгэлийг аль нь ч хөдөлгөсөнгүй.
Сарнайнаас л гэхэд өдөрт таван боодлыг авдаг тул түүнд сүрлэг, сайхан цэцэгс огт сонирхолгүй, харин ч уйдмаар санагдсан ажээ.
- Дурлалт бүсгүйдээ цэцэг хайж явна уу?
Согжин эргэж худалдагч эмэгтэйтэй нүүрэлдэв. Түүний царайг хараад гацаж орхисон эмийг хараад үзэсгэлэнт залуу нүдээ эргэлдүүллээ.
- Үгүй дээ. Зүгээр л сонирхож явна.
Бүсгүйн харц зөөлрөн үрээ ширтэж буй эхийнх мэт энэрэнгүй харцаар түүнийг нэгд нэгэнгүй шинжин харж инээмсэглэлээ нууж үл чадна.
Согжин үл мэдэг гайхсан авч тийм ч их ач холбогдол өгсөнгүй, мартахаар шийджээ.
- Тэгвэл үүнийг сонирхоод үзвэл яаж байна?
Худалдагч эмэгтэй эргэж ирэхдээ гартаа энхрий дэгжин боловч цаанаа л уйтгартай, нэг хэвийн шар цэцэгстэй сагс атгасан байлаа.
- Теспиа голын Нарцисс цэцэг. Үзэсгэлэнтэй анхилам, басхүү сүр жавхлангаараа сарнайн доор орохгүй шүү дээ.
Согжин худалдагчийн явцгүй наргианд худал ч инээмсэглэн сагстай цэцэгсийг дахин нэг ажлаа.
Нарийн эмзэг ишнээс нь нэгийг зөөлнбөр сугалан аваад үнэрлэхүйд хачин жигтэй мэдрэмж биеэр нь тарж учир зүггүй инээж эхэллээ.
- Би авъя, сайхан сэтгэлт эгч минь! Бүтэн сагсыг авъя. Энэ надад байгаа бүх мөнгө. Авахтун!
Хонх мэт жингэнэсэн дуугаар үзэсгэлэнт залуу хүү ийн хэлээд хармаагаа уудлан биедээ тээж байсан бүх алтан зоосоо ядуу цэцэгчний хуучин модон ширээн дээр асгав. Алтан зооснууд жингэнэн унаж гагцхүү түүнд сохор зоос ч үл үлдэх үед зогсон худалдагч бүсгүйн үйлдлийг тэсэж ядан хүлээлээ.
- Май, үүнийг ав. Надад хөлс хэрэггүй дээ.
Маргааш өглөө нь Согжин тасралтгүй нүдэх үүдээ нээвэл түүний өчигдөр хвсантай ижилхэн шар цэцэгс сагс сагсаар хөглөрч байв.