18. Хоолой

106 30 21
                                    

Согжин хоолой сонсож эхлэв. Гаднаас биш дотроос гарах энэ хоолой түүний чихэнд цуурайтан хамгийн адгийныг шивнэж байлаа.

- Харанхуйд уусан нэгд Согжин...

- Чи түүнд хайртай биз дээ? Дурлачихсан биз дээ...

- Харагдаж л байвал хайрлаж болох юм биш үү? Бодит эсэх нь хэнд хамаатай юм...

Шивнэх үг бүр нь тархинд цуурайтан ятгах ба Согжин хэсэг бодолхийлэв. Ухамсарт үлдсэн өчүүхэн эрүүл ухаан энэ бүх солиорлын үүсвэрт сануулна.

- Гэхдээ тэр чинь би шүү дээ.

- Үгүй ч юм билэв үү?...

- Юу?

Шивнэх хоолой доогтой инээж залуу эрийн тамирдсан уушиг хатгуулан өвдөнө.

- Чи түүнд хүрэх гэж хичээсэн юм уу? Хангалттай хичээж хүссэн үү?

Ухаангүй үгс дуусахын зэрэгцээ усан тусгал дээрх залуу эр түүний өөдөөс инээмсэглэв. Гархилсан нүдэнд нь баярын оч гийж, наранд түлэгдсэн нүүрэнд нь инээмсэглэл тодрон бүхэл нүүрнийх нь арьсыг зулга татаж буй мэт өвдөх аж.

Туйлдсан уушиг нь амьсгаа авч байгаа үгүй нь үл мэдэгдэн дээш доош тэлэх ба зүрх нь сая л өөрийн байгааг мэдрүүлж хүчтэй цохилов.

Түг түг түг...

Голын цаадах үзэсгэлэн босон зогсчээ. Удалгүй зөөлөн гараа дэлгэж түүнийг даллан дуудав.

- Надад хайртай бол нааш ир, хүрээд ир!

- Тэр чамайг дуудаж байна, очихгүй юм уу?

Согжин мэдэж ч амжихаасаа өмнө усанд орсон байлаа.

Одоохон одоохон...

Бүх бие нь мэдээгүй болж хөл гэх  хөх бургасан дээр зогсох ч тэнхэл байгаагүй тул чилж чангарсан гарын булчингаа гэнэт суллаж тэр нь түүнийг тэнцвэр алдахад хүргэв.

Цөөрмийн ус гэнэт нэг их гүн болж ёроолд нь түүний хөл ч хүрсэнгүй. Хүний зөөлөн бие хүлээж байтал хүйтэн цөөрмийн ус бүхэл биеийг бүрхэн авахад Согжин нэг зүйлийг санав.

Сэлж чаддаггүй гэдгээ...

Насаараа хүнийг зарж, горхиноос ус ч авч үзээгүй тэрээр их усанд яахаа үл мэдэн самгардан амьсгал авахаар тэмцэнэ. Түүний хамар амыг ус дүүргэн уушгинд нь орж амьсгааг нь тастах хүртэл удсангүй...

Хөл гарынх нь ихэнх мэдрэл үхчихсэн болохоор хэдий чадлаараа тарвалзсан ч живэх нь тодорхой байж. Амь тавихын өмнө тэрээр хоолой сонсов. Хэнгэрэг нь усанд дэвтчихсэн хэдий ч тэрээр хэний юу гэж байгааг тод дуулж байв.

Энэ түүний өөрийн хоолой байлаа.

- Нэг инээдтэй зүйл нь би чиний нэрийг ч санахгүй байхад чи миний төлөө амиа зольчихлоо. Тавин гурав дахь цогцос. Надад дурласан тавин гурав дахь азгүй амьтан чи байлаа.

Энэ л байж түүний төгсгөл. Гоо үзэсгэлэнг үүрдийнх мэт санаж, бурхдыг тавлан амьдралаар наадаж байсныхаа шанг тэр ингэж л авах учиртай байж. Цөөрмийн ёроолд түүний дурлалт залуу ёжтой инээмсэглэн зогсох ба удалгүй түүн рүү нуруугаа харуулав.

Хэчнээн орилж хашхирсан ч усан дор түүнийг хэн ч сонссонгүй ээ...

Согжин сүүлийн амьсгалаа авч сүнс нь биеэ орхих үед Согжины хэдэн хоног тасралтгүй сууж нүдээ ширгэтэл ус ширтсэн тэрхүү газрыг тойрч танил шар цэцэгс дэлгэрэв. Шар цэцгийн мандал, цус харваж хагас сохорсон улаан нүдээ хааж амжаагүй туранхай цогцос хоёроос өөр юм Согжиноос үлдсэнгүй.

А/n: Удахгүй дууслаа шдээ :> Conversation хэсэг рүү орж бичвэрүүдийнхээ хуваарийг хараарай~♥

𝓣𝓱𝓮 𝓑𝓮𝓪𝓾𝓽𝔂Where stories live. Discover now