Согжин янзага мэт дэгдэн гүйсээр Теспиа ойн оройд гарч ирэв. Хад асга, хөгшин млддын үндэсээр бартаажсан уулын өөдөөс мацахдаа тэрээр ганц ч удаа сууж амралгүй тэр бүү хэл амьсгаадахгүй гарч ирсэн авч уулын оройд хүрэхэд хоёр хөл нь гуйван газарт уналаа.
Хүчтэй газардсан залуу эр тийм ч өвдсөнгүй. Газар тэр чигтээ хөвдөөр бүрхэгдсэн байх агаад галуун өд мэт зөөлөн гадаргуу түүний бүхэл биеийг хучина.
Уулын оройд хачин сайхан аж. Модноос унасан мөчир, навчны ул мөр ч үгүй хатсан үндэс, үхэж цайсан мод бол бүр ч байхгүй. Хүн амьтны хөлд дарагдаагүйдээ ч тэр юм уу онгон байгалийн үзэсгэлэн бүрэн цогцолсон харагдав.
Согжин хүчгүйдэн унасан хөлөө өргөх гэвч хүчирсэнгүй. Хамаг биеийнх нь тамир шавхагдаж тэр зүгээр л бууж өгөн зөөлөн хөвдөн дунд хэвтэв.
Нойтон хөрсний тааламжтай үнэр нэвт сэнгэнэж Согжин анх удаа л тайвширалыг мэдрэв. Өмнө нь мэдэрч байгаагүй тайтгарал, хэзээ ч салахыг хүсэмгүй амар амгалан.
Түүний дээр хар саарал эрвээхийнүүд уйтгартайгаар нисэлдэх агаад өнгийн цэцэгс бус зөвхөн танил шар цэцэгстэй шугуй зүглэнэ.
Согжин тэрхүү шугуй руу гүйж очоод анхилам шар цэцгийн мандлыг таашаан суумаар байвч хөдөлж чадахгүй хэвээр...
Нүдээ аниад тэнгэр ширтэн хэсэг бодлогоширов.
Миний амьдралын зорилго юу байв?
Би юу хийж бүтээв?
Надад хайртай хүн бий билэв үү?
Түүний асуултын хариултууд урам хугарам байлаа.
Өөрийн хоосон амьдралыг харуусан бодож байх агшинд тэрээр сонорыг нь сэртхийлгэсэн ер бусын чимээг сонсов.
Горхины чимээ юм уу даа?
Хоржоонтойгоор уулын ан цав даган урсаж буй усны чимээг тэр дахин дуулав.
Хэсэг сураггүй асан хөөрөл түүнд дахин хөл дээрээ босох чадал өглөө. Согжин гажиг инээж чихэндээ итгэн горхины зүг гүйхээрээ очив.
Хүн амьтан ирдэггүй тул ёроолыг нь харж болом тунгалаг ус байлаа. Уулын эхээс урсан бууж хэсэг газар хуралдан буйг нь харсан Согжин тэрхүү бяцхан цөөрөм рүү зүглэв.
Ус... ус хэтэрхий тунгалаг байлаа.
Өчүүхэн ч хир буртаггүй Лэйриоп горхины дор гялалзаж буй хүрэн мөлгөр хайрганууд наранд гялтганан түүний нүдийг гялбуулав. Хэсэг цагаан гэрэлнээс өөр юу ч хараагүй тэрээр нүдээ анин дахин нээхдээ өөрийн үхлийг орж харсан юм.
Амьсгал булаам үзэсгэлэн түүний өөдөөс, гол дотроос нүдээр нь дамжин сүнс рүү нь цоо ширтэж байлаа. Түүний энхрий нүд Лэйриопын ус шиг тунгалаг, хир буртаггүй агаад гайхаснаас очитсон нь бүр ч үлгэрийн мэт харагдуулна.
- Чи хэн бэ?