Согжин үүдэнд нь хөглөрөх цэцэгсийг үл тоож чадсангүй. Бөгчим агаарт ч үл мэдэг найгах байгаль эхийн бүтээсэн үзэсгэлэн гоо түүний сэтгэлийг татна. Бяцхан шаргал цэцэгс...
Нийт гурван сагс байх агаад баглаа бүрт хавсаргасан нүд сохлом хурц өнгөтэй цаасан дээр бичсэн хайрын захидлуудыг тэр бүр шагайсан ч үгүй.
Тэднээс жигшин зэвүүцсэн мэт хурууныхаа өндгөөр чимхэн авч газар шидлэлээ Халуун наранд цохиулахыг ч үл мэдэн харшийнх нь үүдийг манаж зогссон хэсэг эмс захидлын дугтуй болж төрөөгүйдээ харамсаад амжив.
Үзэсгэлэнт залуу эр нарийн хуруунуудаа сөөлжлүүлэн цэцэгс бүрийг баглаанаас нь салгаж вааранд хийв. Цэцэг нэг бүрийг салган хийвээс хөөрхий хархүү хүрэлт бүрийнх нь тоогоор нас нь хоргодож буйг мэдсэнгүй.
Цэцэгсийг эмх замбараатай янзалж дуусахад түүний дотор хачирхалтай мэдрэмж буцалж буйг анзаарлаа. Үгээр хэлэх аргагүй сонин мэдрэмж. Хөөрч догдолсон, хөл нь хааш чиглүүлнэ тийш чадлаараа гүйж очих хүсэл.
Урт хүчирхэг хүзүүг нь даган ургасан хонгор үс нь салхинд намилзаж тэрээр ер бусын аз жаргалд автсан тул агаарт үсэрч буун янзага мэт дэгдэх ажээ. Зүрх нь хүчлэн цохилж толгой тархи нь ухаанаа алдсан байв.
Тархины ялгаруулах даавар үзэсгэлэнт залууг бүр мансууруулж орхижээ. Тэрээр цонхны цаанаас, харшийн гаднаас үзэн буй хэдэн арван нүдний өмнө хувцсаа тайчиж өв тэгш биеэ гайхуулах агаад үл сонстох аялгуунд найган ганхана.
Түүний үзэгчид, түүнийг шүтэн бишрэгчид, түүний нохойнууд тэрхүү үзэсгэлэнг хараад ухаан алдах нь алдацгааж, хашаа давахаар оролдсон хэд нь хаалганы шоронд зоогдож үхсэн харагдлаа.
Өрцөөрөө нэвт сүлбүүлсэн ч түүн рүү сарвайх өрөвдөлт шавжнуудын жүжгийг үзээд Согжин тасхийтэл инээд алдан нүцгэн биеэ ч үл далдлан ятганыхаа хажууд суув.
Хархүү тэрхүү мансуурам мэдрэмжийг аялгуу болгон хөрвүүлчихэв. Бурхан минь тэр ямар үзэсгэлэнтэй байсан гэж санана.
Тоглож буй аялгуу нь эгшиглэнтэй, зэмсэг нь эрхэмсэг, харин хөгжимчин нь эрэмгий ажээ. Тэрээр ятганыхаа утаснуудыг таслачих вий гэж ч үл тоон урт хуруунуудаараа чангаар татаж бас түлхэнэ. Хачин сонин авиа эгшигийг зэмсэг гаргах авч тэр бүх гаж байдал нь нэгдэн нийлж нэгэн төгс симфонийг үүсгэж байлаа.
- Ха-ха-ха!
Согжин инээж байв. Амьдралын араас инээж байв. Үхлийн өөдөөс инээж байв.
Бурхдын бурхан Зевс өөрийн элч Хермесээс авсан тамга тэмдэгтэй захиаг задлан уншиж эхэллээ. Их, бүр агуа их эхийн хайр тэнд шингэсэн байв.
Хатуу сэтгэлт бурхан хүртэл түүнийг нь мэдэрч, мэдрэхдээ нулимс дуслуулсан байлаа.
Гэвч тэр доод тивтэй зөрчилдөж болохгүй. Тэгэх учиргүй юм! Хэйдис нэгэнт шийдсэн бол буцаах арга үгүй.
Гэвч тэр энэхүү эх дагины захиаг уншсан атал уншаагүй мэт үл тоож чадахгүй. Эхийн хайр эгэлгүй бурханд ч энгийн хүнд ч ижил болой.
- Ахтай минь холбохтун. Энэхүү захиаг дамжуулаад долоон шөнө сунгах хүсэлтэй байгааг минь хэл.
Аянгын бурхан элчдээ ийн хэлээд сэнтийгээ налан бодлогоширов.
Чи юу хийсэн болоод... хайр энэрлийн тэнгэр чамайг ийм их үзэн ядна вэ?