Jungkook
Хэдэн зуун жил амьдарч ирэхдээ би дэлхий гэдэг харгис ч гэлээ ямар гайхалтай газар гэдгийг ханатлаа мэдэрсэн байв. Зуны намуухан оройн дараа өглөө болох үед хүйтэн жихүүн салхи салхилж чамайг дааруулж ч чадна. Зогсохгүй мэт аадар бороо шаагидаг байж айлгасандаа уучлал гуйж байгаа юм шиг үзэсгэлэнтэй тэр солонгыг татуулж бүхнийг гэрэлтүүлнэ. Үнэхээр хэрцгий ч гэлээ хэтэрхий үзэсгэлэнтэй газар.
Хүмүүс ч мөн яг л дэлхий шиг. Бусдыг галзуу юм шиг хайрлаж чаддаг байж тэр хэрээрээ хэзээ ч хайрлаж байгаагүй юм шиг үзэн ядаж заримдаа үхтлээ үзэн ядаж байсан тэр зүйлээ юу ч болсон хамаагүй хайрлаж эхлэнэ. Харин нөгөө талд өөрийнхөө хүч чадал сүр жавхланг мэдрэхийн тулд сул дорой бусдыг зовоож хүч чадлаа мэдэрдэг хүн байхад, сул дорой ч гэлээ өөр нэгнийг хамгаалахыг хүсдэг хүн ч байна. Эрээн мяраан бас ойлгоход бэрх хүн гэдэг угаас яг тийм гэж тодорхойлоход бэрх зүйл аж.
Би хүн гээчид үхтлээ дургүй ээ. Угаас хэрцгий бохир талыг нь ханатлаа харж ханатлаа тэр зүйлээс болж зовсон болохоор жигшил зэвүүцлийг минь дээд зэргээр нь хүргэх тийм шалтгыг олчихсон болохоор би хүн гээчид үхтлээ дургүй байсан юм. Би өөрөө хүн биш ч гэлээ өөрийгөө үхтлээ үзэн яддаг тэр хүмүүсээс ч илүүтэйгээр хараан зүхэж жигшдэг байлаа. Толинд харах бүртээ өөрийгөө хайрлах ганц ч шалтаг олж харж чаддаггүйгээсээ болж өглөө бүр сэрээд өөртөө дургүй минь хүрч орой бүр харанхуй нам гүм айлчлах үед үххийг хүсэндээ бачуураад галзуу юм шиг хашгирдаг байсан.
Миний үзэн яддаггүй цор ганц хүн бол тэр минь байсан юм. Ким Юна. Тэр миний анх удаа бас сүүлчийн удаа хайрласан хүн минь байсан. Хүн гээчийн бохир бараан зүйлийг ханатлаа харсан надад сайхан талыг нь ойлгуулж байсан хүн ердөө тэр л байсан юм. Би түүнийг хамгаалахыг хүссэн. Өөртөө хичээн дургүй ч гэлээ түүний төлөө би өөрийгөө хамгаалж байсан. Хэдий өөрийгөө бөөцийлж хамгаалахыг үнэн сэтгэлээсээ хүсээгүй ч гэлээ миний төлөө цаг үргэлж хичээдэг түүний төлөө би өөрчлөгдөхийг хүссэн.
Гэхдээ гаргасан алдаа минь түүнийг минь надаас булаахыг мэдсэн бол би тэр үед хэзээ ч өөртөө анхаарч илүү хүчтэй болох гэж улайрахгүй байсан биз. Сул дорой байсан ч хамаагүй түүний хажууд байгаад түүнтэй хамт тэмцэх ёстой байсан юм.
Миний хийсэн хамгийн том бас хамгийн уучлагдашгүй алдаа ба нүгэл бол түүнийг бус өөрийгөө хүчирхэг болгох гэж улайрсан минь л байлаа.