-Ноёд хадагтай нараа, ахмад болон хүүхдүүдээ харанхуй театр ирлээ
Хар бүрх малгай өмсөж арван наймдугаар зууны язгууртан эр шиг дэгжин хувцасласан залуу тайзан дээр гарч ирэн ёсоллоо. Хүмүүсийн уухайлан алга таших чимээ харанхуй театрыг дүүргэж хүн бүхний харц тайзны гэрэлд зогсох залуу дээр тогтох ажээ.
-Өмнө нь хаана ч харж байгаагүй онцгой тийм л тоглолтыг үзэхээр та бүхэн энд ирсэн гэдгийг би сайн мэдэж байна
Хөтлөгч залуу тэгширч зогсон шивнэх төдийхөн тун донжтой ийн хэлэх мөчид том зааланд суусан хүн бүрийн сэтгэлд ямар нэгэн гижиг шиг хачирхалтай мэдрэмж хурна. Бүгд улам улам ихээр нууцлаг тэр л залууг ширтэх аж.
-Хагархай шилэн дээр ямар ч шархгүйгээр үзэсгэлэнтэй бүжих балетчид, галан дунд сарны симфони тоглох хөгжимчин, өмнө нь та бүхний огт харж байгаагүй тийм л хачин жигтэй дуурийн дуучид...
Нууцлаг залуу нүүрэндээ зальт инээмсэглэл тодруулан үгээ таслан цагаан бээлийтэй гараа аажмаар өргөн бүрх малгайгаа үл мэдэгхэн дээшлүүлэх мөчид танхимд байх охид бүсгүйчүүд дотроо чимээгүйхэн уулга алдан зүрх нь догдлоно.
-Бидний яг л цирк мэт догдлуулам сонгодог урлагын тоглолт та бүхнийг там диваажин дунд гацаах болно
Хөтлөгч залуу зальт инээмсэглэлээ бүр ч илүү томсгон гялалзсан том нүдээрээ харанхуй театрыг тойруулан харна. Энэ л мөчид тайзан дээрх өчүүхэн гэрэл унтран эргэн тойрон тэр чигтээ харанхуйд автав. Ямар ч гэрэлгүй тас харанхуй. Яаж ч хичээгээд гэрэл гэгээ олж чадахгүй юм шиг л.
Гэвч хэдэн хормын дараа чихэнд сонсголонтой намуухан ая эгшиглэн харанхуй тайз бүдэгхэн цэнхэр өнгөөр туяарч эхлэв. Саяхан хов хоосон байсан тайз хэдийнээ чимэглэлээр дүүрч харин шалаар нь нэг хурц иртэй хагархай шилнүүд гялтганан харагдана. Хэдийгээр аймшигтай санагдах ч гэлээ үзэгчдийн нүдээр тэр хөнөөлтэй шилнүүд яг л газраар нэг асгарч орхисон шөнийн одод адил харагдах ажээ.
Намуухан ая эгшиглэх мөчид турьхан хөөрхөн балетчин бүсгүйчүүд гарч ирэн "Хунт нуур" ыг бүжиж эхэллээ. Бүгд дэгжин ба ихэмсэг. Яг л энэ мөчид тэд хүн төрхөд хувирч орхисон хун шиг санагдана. Үэзгч олон бүгд л балетчин бүсгүйчүүдийн хөл доорхруу зүрх түгшин харж байлаа. Танхимд суусан хүн бүрийн зүрх хүчтэй цохилно.
Айсандаа биш догдолсондоо.
Хэзээ бүжигчид шилэн дээр гишгэж цав цагаан бүжгийн гутал нь цусаар будагдах бол гэж тэсэж ядах мэтээр тэд тайзруу ширтэж байсан юм. Балетчин бүсгүйчүүд бүжээд л байлаа. Гэвч хэн нь ч бэртсэнгүй. Бүгд л хөл доорхоо юунаас ч илүүгээр сайн мэдэрч байгаа мэтээр дүүлж байлаа.