3

419 68 10
                                    

Салхи тогтуун шөнөөр эзгүй гудамж уруудан алхах хөвгүүдийн дунд яриа үл өрнөнө. Гагцхүү хүндхэн амьсгалах чимээ л дуулдах бөгөөд хөлс даасан цамц, хөлөрсөн нүүрийг нь харахад тэд тайван алхаад удаагүй нь илт аж.

" Эндээ хүлээж байх уу? Би орчхоод ирье "

Сонхүн нэлээд ааг амьсгаа болсон хөвгүүнийг дэлгүүрийн гадаах сааданд үлдээгээд өөрөө дотогш орлоо. Тэгээд хийжүүлсэн ус болон зайрмаг авчхаад гарч ирэхэд Жэюүн цамцаа тайлчихсан нүүрээ сэвээд сууж байв.

" Ханиад хүрэх нь байна шүү дээ, хурдан цамцаа өмс! "

Сонхүн Жэюүнаас цамцыг нь шүүрэн авч өмсгөөд сэгсийчихсэн үсийг нь самнан янзлах зуур Жэюүн улаа бутрах нүүрээ нууж ядан доош харна.

Сонхүн: Хөлөрсөн үедээ салхи авч болохгүй. Өдий том болчхоод гэнэн гэдэг нь!

Жэюүн: Халууцаад дотор давчдаад байсан юм.

Сонхүн: Ер нь ойр ойрхон бэлтгэл хийж байя. Чи нэлээд хөшсөн харагдсан. Булчингаа суллахгүй бол сарын дотор шигшээд орно гэдэг худлаа шүү!

Тэд салхилахаар уулзсан хэр нь л тоглоомын талбай дээр шуугилдан тоглох залуустай нэгдэж нэлээд удаан бөмбөг шидэлцсэн юм. Жэюүний хувьд тун шинэлэг байсан. Тэр бүрэг ичимхий биш ч нүүрэмгий ч мөн биш тул гудамжинд явж байгаад л танихгүй залуустай хэзээний танил юм шиг сагс тоглосон нь салхи оруулаагүй удсан өрөөнд цонх дэлгээд нээчихсэнтэй адил сайхан мэдрэмж төрүүлсэн аж.

" Май, кола их уудгыг чинь анзаарсан. Цаашдаа багасгаад усаар орлуулж сураарай "

Сонхүн түүнд ус задалж өгөхөд Жэюүн түүнийг хэчнээн эрүүл амьдралтайг нь гайхан шагширч байв. Юу гэхээр түүнтэй уулзсан ганцхан өдөрт тэр түүнд амьдралын хэвшлээ харуулчихсан. Жэйн хэлсэнээр тэр хичээлдээ сайн. Даалгавраа нэг ч удаа алгасаж байгаагүй. Спортод дуртай, ялангуяа сагсан бөмбөгийн спортыг хайрладаг нэгэн. Өглөө эрт босоод гүйдэг, эрүүл хооллодог, хэрэггүй зүйлсд цагаа дэмий үрдэггүй. Нэг үгээр бол боловсон хийгээд зарчимч залуу.

Сонхүн: Юу тэгтлээ бодсон юм?

Жэюүн: Чиний өдөр тутмын амьдралын талаар төсөөлж байна. Зөв хэвшилтэй юм аа.

Сонхүн: Нэг үгээр бол уйтгартай гэж үү?

Жэюүн: Үгүй ээ, зөв дадал зуршил яагаад уйтгартай гэж? Би тэгж боддоггүй.

Good little boyWhere stories live. Discover now