9

198 32 3
                                    


Завсар гаргасан хөшигний цаанаас гудамжны шаргал гэрэл сүүмийж тусна. Олигтой гэрэлтүүлж шалихгүй ч орчин тойрноо барагцаалж болмоор бүүдгэр аж. Жэюүн ходоод нь өвдөөд тэсэхэд бэрх болсонд арга буюу өндийн өрөөнөөсөө гарлаа. Хисыний өрөө хаалттай хэвээр байх ба хэдий шөнө дунд болсон ч тэр ирээгүй байв.

Австралид очоод нэг их удалгүй ходоод нь өвддөг болчихсон тэрээр хаа нэг эм ууж аргацаалаад өнгөрөөчихдөг байсан нь өнөө гороо  гаргаж байгаа бололтой нарийн бүдүүн гэдсийг нь холбож мушгиад байгаа юм шиг хачин их өвдөнө. Цэх ч зогсож чадахгүй цээж нь өвдгөндөө тулах нь холгүй бөхийсөөр гал тогоондоо орж ирэн эмийн хайрцаг хайв. Сүүлд санахад Хисын түүнийг хүрэхгүй байж магад гээд доор хийснийг санан хайсаар олж аваад ухвал азаар өвчин намдаах эм байх нь тэр. Өмнө нь өвдөхөд хоёрыг давхарлаж байж намдсаныг санан шууд л гурваар нь ууж орхив. Жонвон түүний эгзгийг тааруулаад цохичихсон тул хаа нэг базалж өвддөгөөсөө хавь илүү хүчтэй өвдсөнд өвчинд тэвчээргүй зангаараа дур мэдэж буй нь энэ аж. Хэрэв Хисын байсан бол түүнд тийм ч амар эмний бараа харуулахгүй байсан биз ээ.

Харанхуйд дассан нүдээ хэдэнтээ цавчин бөгтийсөөр сандал дээр суун хоолны ширээгээ дэрлэж хэвтлээ. Өөртөө бол өвдөлтөө намдахыг хүлээж байгаа гэж итгүүлэх авч үнэн хэрэгтээ Хисынийг хүлээж байв. Тэр хэзээ ч ингэж оройтож байгаагүй эсвэл шаргал үст мэддэггүй байж болох юм. Тэр түүнд хэлэлгүй гарч шөнө дөлөөр эсвэл үүр заагаар орж ирдэг байсан байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Гэсэн ч тэр Жэюүнийг гэртээ байгааг харахаас нааш эсвэл гэртээ байгааг мэдэж байгаа бол бараагаа харуулахаас нааш яавч ингэж олон цагаар алга болох хүн биш аж.

Ойролцоогоос хагас цаг өнгөрсөн байх. Хүйтнээр ялгарч байсан хөлс нь хатаж тавгүйрхээд байсан бие нь тайвшираад ирэхийн цагт тэр босон сандлаа налж суув. Халаасанд нь утас нь чичирхийлэн зурвас ирсэнийг мэдэгдэхэд гаргаж харвал энэ түүний хүлээж ядаад буй хар үстээс ирсэн байлаа.

- Унтаж байна уу? Хэрэв үгүй бол одоо унт. Би найзындаа хонолоо.

Жэюүн түүнээс юу хүлээснээ мэдсэнгүй. Гагцхүү урмыг нь хугалах зүйлийг л лав хүсээгүйгээ мэднэ. Сормуус нь чийгттэл өвтгөж байсан ходоодноос нь илүү хоосон санагдах сэтгэл нь хүндэрч тэрээр утсаа ширээ рүүгээ шидэн нүүрээ үрлээ. Хүнийг хүлээх ийм л байдаг байх нь гэсэн бодол тархинд нь зурсхийхэд тэрээр инээмхийлэн сууна.

Good little boyWhere stories live. Discover now