Дуу хоолойн чинь уянгалаг ярууг
Сэм чагнахад сэтгэл бүлээцэж
Дур булаам инээмсэглэл чинь
Зүрхний цохилтыг түргэсгэх юм.Сапфо- Тэр хамгаас илүү
-
Хөл хорионд орно гэдэг Жисү шиг ийш тийш үсчиж, энүүгээр тэрүүгээр дэгдэж явдаг, дэрвэж дэлдгэнэсэн нэгэнд- экстраверт гэж хэлбэл зохино, үнэхээр хэцүү тусаж байлаа. Түүний нэг эрэгтэй үеэл нь гадуур тархаад буй халдварт өвчнийг усан онгоцонд явж байгаад тусчихсан бөгөөд уг явдал аюулын түгшүүрийг түүний гэр бүл хамаатан садангуудад нь улам өрдөж өгсөн юм. Тэднийхэн, хэн хүнгүй л гэртээ өөрсдийгөө тусгаарлаж, чанд хатуу хөл хорионд орцгоосон бөгөөд ер нь Жисүгийн гэрийнхэн ч гэлтгүй Солонгост тэр аяараа бүх зүйл илт түгшүүртэй байх болсон байлаа. Ямартай ч үеэл нь илт бие сайтай, чийрэг залуу нэгэн тул Жисү ч тэр, бусад нь ч тэр түүнийг даруй эдгээд гарна гэдэгт их итгэлтэй байв.
Халдварт өвчин ийн тархана гэж хэн мэдэх билээ. Одоо үүнийг цар тахал гэж нэрлэх болжээ. Саяхан л вирус, хүмүүс үхсэн гээд л сонсогдож, иргэд сэргийлж сэрэмж авч байсан боловч дорвитой арга хэмжээ нийтэд аваагүй байсан бөгөөд гэнэт л зуу зуугаараа Солонгост гарч, өдгөө мянга мянгаар нэмэгдэх болжээ. Иргэд айдаст автсан, ээж аавууд айцгаах болсон. Айдаст автахгүй гээд ч яах билээ дээ... Жисүгийн аав ээж хоёр гэрээсээ ажиллах болж, сургуулиуд ч хичээллэхээ байж, байшиндаа л бүгд суух болоод бүтэн сар өнгөрч байлаа. Жисү болоод түүний дүү нарыг эцэг эх нь хаашаа ч, юунд ч гарахыг яс хориглов. Хоёр хоногт нэг удаа Жисү хог асгахдаа л нэг юм гэрийнхээ хашааны хаалгыг татаж, гадагш толгойгоо цухуйлгана. Тэр даруй л хогоо үүдэнд тавьчхаад буцаж хаалгаа хаана. Тэгээд гараа савангаар, хумсаараа үрэн зулгартал нь угаанам. Ийм хүнд нөхцөл байдалд ингэж гүрийж, тэсэхээс ч өөр яах билээ дээ. Хэн нэгэн нь гадуур явж байгаад өвчин чирээд ирвэл энэ том гай болно. Нэг ч биш нэлээн хэдэн хүний амь яригдах хойно.
Тиймээс тэр сэтгэлээ чангалж, хаа хамаагүй сармагчин шиг дүүлж байдаг түүний амьдрал хэдэн метр квадратад хязгаарлагдах болсон юм. Манай дүрийн гол баатар Ким Жисү Хундэ дүүрэгт дундаж хэмжээтэй, дажгүй тохижуулсан хашаа байшинд өөрийн эцэг эх, гурван дүүтэйгээ аж төрөн суудаг билээ. Зургаан хүнд бол тэр байшин яг хүрэлцээтэй. Тэдний байшин хоёр жигүүрээс бүтнэ. Нэг нь Жисүгийн аав болоод ээжийн хэсэг- тэдний ажлын өрөө, унтлагын өрөө, тусдаа угаалгын өрөө; хоёр дахь жигүүр буюу хүүхдүүд- Жисү нэг өрөөнд, гурван дүү нь нэг том өрөөнд мөн угаалгын өрөө. Төв хэсэг бол гал тогоо том өрөө хоёр. Энэ бүсэд тогтмол цагт энэ гэрийнхэн уулзаж хооллоод хоёр тийш тарна.
YOU ARE READING
Our Beautiful Life [Completed]
Romance...Халдварт өвчин тархаж, хөл хорио тогтоожээ. Хичээл нэгэнтээ орохоо больсон бөгөөд онлайнаар төгсөх болсон байлаа. Ким Жисү ангийнхаа хөвгүүн Ким Намжүүнд үнэхээр сайн билээ. Хөл хорионд ороод, цаашдаа уулзаж чадахгүй болсон нь түүнийг ихээр гуниг...