Хэрэв чамтай гэнэт тулгарвал
Хэл гацаад, дуугарч ч чадахгүй юм.
Арьсан доогуур нимгэхэн дөл гүйж;
Алаг нүд харанхуйлчих юм.Сапфо- Тэр хамгаас илүү
-
Жисү байж ядна. Тэр өтчихсөн юм шиг л байн байн энд тэнд нурж унаж, хашхирч орилж, бачимдаж байх болжээ. Шалтгаан нь их энгийн. Намжүүнээс захиа ирэх эсэхийг хүлээж буй нь энэ. Ямартай ч татгалзсан гэдгээ илэрхийлж амралтын өдрүүдэд цэг явуулаагүй болохоор хариу захиа ирэх нь гэж тэр ихэд найдах болсон байлаа. Шуудан амралтын өдрүүдээр амардаг тул захиа ирвээс Даваа гарагаас наашгүй гэж бодож байтал нөгөө Даваа нь өнөөдөр ирчихсэн, яг өөдөөс нь гөлрөөд байж байна шүү. Өнөөдөр захиа ирэх болов уу? эсхүл маргааш? Ирэхгүй ч байж болох. Байж ядан холхиж, байж ядан хүлээнэ. Зүгээр байх янз түүнд алга.
Захиа ирэхгүй бол, хэрвээ Намжүүн татгалзвал Жисү эхэр татан уйлж, сэтгэл гутралд орж, ер юу эс тохиох вэ гэж хэлмээр болжээ. Сэтгэл санаа нь тун тогтворгүй болж Юнги ахаасаа зурвас ирэхийг хүлээн утсаа өглөөнөөс хойш л харуулдаж энд тэнд хэвтлээ. Хэдий шүлэг бичихээ болиод их удсан ч гунигласандаа хоёр ч хайрын шүлэг бичвэй. Хэчнээн ч уншсан үнэхээр амьгүй, уянгагүй, утгагүй санагдаж өнөө бичсэн цааснуудаа бөөрөнхийлөн базаж, амандаа урж хийн хэд зажлаад шал руу нулимав.
"Намжүүн рүү шууд цахимаар асуучих уу? Хөөе! Чи над руу захиа бичих юм уу? гээд. Үгүй ээ. Чадахгүй" гэж Жисү өөртэйгөө ярин, хана ширтэнэ. Өөрийгөө тайтгаруулахын тулд чихэвчээ чихэндээ хийн тултал нь чангалж, өрөөгөөрөө нэг үсэрч цовхчив. Түүний гойд дуртай цоглог хэмнэлтэй дуунуудын нэг эгшиглэнэ. Гэтэл үг бүр нь Намжүүний нэрийг хэлээд ч байх шиг. Уул нь англиар дуулж буй дуу сан. Жинхэнэ солиорол л гэж үүнийг хэлэх биз. Ханаараа өлгөсөн бор цааснууд дээрх булчинлаг сайхан залуус, дуучин ах нарынх нь нүүр хүртэл Намжүүний нүүрээр солигдож өөдөөс нь инээх шиг. Хөл хорионд ороод яалтачгүй ямар нэг өөрчлөлттэй болсон нь эргэлзээгүй болжээ. Жисү гуниглав. Тэр өөрийгөө бага зэрэг хачин авиртай, сонин гэдгээ мэдэх ч энэ удаад үнэхээр л жинхэнээсээ хачин нэгэн болж хувирч буй аж. Хөл хорио дуусаж хөрст дэлхийтэй золгомогц нэг л тийм өөр нэгэн болчихсон байх буй за.
Оройн есөн цаг. Тэр орон дээрээ уртаашаа сунан хэвтэж, бараг уйлагнах гэж байхуй утас нь гэнэт л дон гэж дуугарав. Харвал Юнги ахаас нь "Гэрт захиа ирсэн байна. Би сая л гэртээ ирлээ" гэж зурвас ирсэн байлаа.
YOU ARE READING
Our Beautiful Life [Completed]
Romance...Халдварт өвчин тархаж, хөл хорио тогтоожээ. Хичээл нэгэнтээ орохоо больсон бөгөөд онлайнаар төгсөх болсон байлаа. Ким Жисү ангийнхаа хөвгүүн Ким Намжүүнд үнэхээр сайн билээ. Хөл хорионд ороод, цаашдаа уулзаж чадахгүй болсон нь түүнийг ихээр гуниг...