0005

194 41 0
                                    

Хүрээлэнд суралцах болсноос хойш мань хоёр тоотойхон хичээлүүд дээр л даарч хамт суралцана. Харин хоёул хамт оройн цагаар давтлага авч эхэлснээр эргээд л байнгын хэлхээтэй байх болсон билээ. Тэдний хамтдаа хичээл давтана гэдэг алиа хошин үлгэр л гэсэн үг. Ай даа, чи аан гэ дээ гэж байгаад ам руу нь бэх шүрших нь холгүй алиалж наадна. Азаар бэхийг хоол хүнсэнд ч хэрэглэж болохоор янз бүрийн амт үнэр оруулан өргөнөөр хэрэглэх болжээ. Хөвгүүд хүссэн үедээ зугаацаж, тааваараа амарч, хажуугаар нь олсон эрч хүчээрээ хичээнгүйлэн суралцах нь одоо үеийнхэнд дутагдаад байгаа урам зоригийн үр үндсийг бадрааж байна уу гэлтэй.

"Хэрвээ чи өглөө сэрээд хэнэг ч үгүй ороо дэлгэж хаяад, орой болтол хүрээлэн дээр өнжих юм бол би дэвсгэр дээр ч улаан лоолийн амттай, угаагаад угаагаад арилдаггүй бэх дусааж орхино гэж мэдээрэй. Эцэс сүүлд нь чи өөрөө улаан лоольтойгоо ноцолдоод унхиагүй царайлаад үлдэнэ дээ." хэмээн Буржгар Дүгэрэг найзаа зэмлэхэд өнөөх нь уран цэцэн үгийг нь тоосон шинжгүй "Өглөө сэндийчээд гарлаа ч орой нь гөлгөр хавтан шиг толийгоод байж байдгийг нь үзвэл би биш өөр хэн нэгэн л угааж үлдэх бий вий." хэмээн жүржийн амттай балаа ардаас нь сорон өгүүлнэ.

"Чи мөн хань нөхөргүй, хамсах сэтгэлгүй, тусыг ус, ачийг бачаар хариулдаг өөдгүй найз юм даа. Чамаас болж гэрт хувцас угааж, гэр цэвэрлэдэг робот байхгүй. Тэгээд би л угааж таарна. Үгүй чамаас болж гар хуруу минь бүр ийм залуугаараа мойныж гүйцсэнийг харж байна уу? Наад бодлогоо өөрөө бод, мэдэв үү?" хэмээн заналтай хэлээд ширээгээ голоор нь салгаад аваад явчхав. Нано хавтантай ширээг яаж л бол яаж, хүссэн хэлбэрээрээ салгаж, эвлүүлж болдог билээ.

"Аа, чи тэгж байна уу? Ахиад чамаас гуйхгүй юм чинь." гэж балаа бараг л талд нь ортол соронгоо амандаа бувтнаж, даалгаж өгсөн бодлогоо бодохын оронд хоосон хуудас гаргаж ирээд эрээчиж эхлэв. Энэ мэтээр нэг муудаж, нэг сайндаж, хааяа нударга зөрүүлж, хааяа инээж хөхрөлдөн өдрийг барах хоёр хөвгүүний хүүхэд нас одоо л гэрэл гэгээтэй өнгөрч буй мэт.

"Бү Сынгван! Чи юу зурж байгаа юм? Аль вэ, би нэг харъя." хэмээн аюултгүй гар доорхоо нуумар аядан зураг зурах найзынхаа дээрээс өлийвөл өнөөх нь одоогоор дайсагналт харилцаатай байгаа учир хяламхийн хараад газар шүргэх шахсан хошуугаараа "Горди!" гэж ганцхан үг ганхийгээд буруу хараад суучхав. Манай хоёр дайсагнасан үед найрамдал тогтоохдоо эрт оройгүй хэзээ нэгэн цагт Буржгар л түрүүлж цагаан тугаа өргөдөг, гуйж гувшихгүй ч тэгсгээд сайндъя гэсэн дохио өгч байж Урвагарын царайнд гэгээ татдаг байлаа. Энэ удаад ч мөн толгойг нь эргэтэл загначхаад ард нь шилэн хүзүүгээ илэн зогсохдоо юу гэвэл энэ Урвагарын уур гомдол тайлагдах бол хэмээн гайхан бодно. Ашгүй нэг санаа зурсхийн орж ирэхэд тэрээр хөнгөхөн жуумалзаад "За байз, нэг ногоон усан үзмийн амттай бэхтэй болох юм сан. Чиний гарын бэх их сонирхол татаад болдоггүй. Арай дахиад нэгийг хийчхэж чадахгүй л байх даа. Жүржээс өөр жимсээр чи хийж чадах уу?" гэж янзыг нь үзвэл өнөөх нь "Юухан байх вэ. Түүн шиг амархан юм байхгүй. Хүлэмжинд ургадаг органик ургамлын тосон дээр нүүрсхүчлийн исэл нэмж, дээр нь спирт орлуулагч нэмнэ. Спирт дангаар нь хийж болохгүй шүү. Тэгвэл идэх аргагүй болно. Дараа нь будагч бодисоо аль болох органик найрлагатайг сонгох хэрэгтэй. Хамгийн сүүлд нь жимсний охио нэмнэ. Гэхдээ бэх бусад хүнснээс ч илүү органик найрлагатай түүхий эд шаарддаг болохоор хийхэд зардал өндөртэй. Чи энэ бэхийг ямар үнэтэй гэж бодож байна? Ер нь сайхан амттай бэхтэй болмоор байвал чамд мөнгө хэрэгтэй, ойлгов уу? Мөнгөө бариад хүрээд ир. Алтан гахайгаа задал. Ах нь чамд сайхан бэх хийж өгнө өө." гэж тун маадгар зааварлав. Маш олон мянган жилийн тэртээ хүмүүс тогоонд бэх нэрээд зурж бичдэг байсан тэр аргыг Урвагар олж уншаад яг тэр аргаар нь хийж үзсэн нь тун амжилттай болсон билээ. Түмэн бодис, түүх судлалд дуртай түүний хувьд ингээд элдэв янзын идэж уудаг, эмнэдэг, ургуулдаг, үржүүлдэг, хувиргадаг бодис хийх л зугаатай болохоос тоо бодож, технологитой зууралдах нь нойр хүргэм, удаан, зунгааралдсан санагдаж, төвөгшөөдөг авч Буржгартай хамт сурсан нэртэй сууж л байвал үнэндээ пад байсангүй. Гэтэл Буржгар бол түүний саявтархан хэлж өгсөн найрлага, бодисзүй, элементүүдийг сонирхсон ч үгүй, тогтоож авсан ч үгүй. Харин эвлэрэх арга саам нь бүтэж, аль хэдийн ширээгээ татаж ирээд эвлүүлчихсэн сууж байлаа.

A friendWhere stories live. Discover now