Идэж байсан амттанаа өлмий доор нь хаяж өгөхөд буржгар толгойтой хүү цоргим хурц нүднийхээ булангаар эзний хүү рүү хяламхын харлаа. Бөөрөнхий шанаатай, бүлтгэр нүдтэй хүү харин нөгөө жаалын ширүүн харцанд зэвүүцэн ярвайж, жижигхэн нударгаараа газарт унатал нь түлхэж хаяад гүйж одов. Газарт унасан хүү уйлсан ч үгүй, урвайсан ч үгүй, нөгөө л янзаараа хөмсгөө зангидан түүний араас харан үлдэхдээ амандаа биш сэтгэлдээ хараал урсгана. Үрчлэгдсэн хүүхдүүдийн хувь заяа үнэн хэрэгтээ төсөөлдөг шиг хязгааргүй аз жаргалтай байдаггүй билээ. Үрчлэгсэд төрсөн хүүхэд шигээ хэзээ ч тэднийг хайрлахгүй, тэдэнд гэр бүл шигээ ханддаг эцэг эх тун ховор. Маш цөөхөн гэр бүл л өргөмөл хүүхдээ хүн шиг хайрлаж өсгөнө. Харин үлдсэн олонх нь гэрэлт хотод бага балчраасаа ажилчин болж амьдарна. Буржгар толгойтын тухайд тийм ч азтай байсангүй. Үрчилж авсан эцэг нь өөрийн нь үеийн хүүтэй тул түүндээ хань болгох гэж тоглоом, эсхүл тэжээвэр амьтан үрчилж авсан гэлтэй. Өнөө хүү нь ч яг л тэгж харьцана. Түүнд тэжээвэр гөлгөөс авхуулаад зарц, туслах, асрагч хүртэлх бүх төрлийн робот байдаг ба Буржгарыг яг л тэд нарынхаа нэг шиг үзэх ажээ. Нэг ялгаа нь Буржгар амьд хүн тул эргэн тойрных нь роботуудаас нэг л өөр, хэлсэн үгээр нь байдаггүй, тушаалыг нь биелүүлдэггүй, эвдэлж хэмхэлж болдоггүй, хог руу хаяж чаддаггүйн дээр үргэлж өөр лүү нь муухай харж, гэрийнх нь хоол, уснаас хумсалж цэнэглэгддэг нь түүнд таалагддаггүй байлаа. Байр суурь, гадна төрхийг нь эс тооцвол хоёр хүү нас чацуу, нуруу чацуу, яг л өөрийг нь хоёр хувилаад байнга хажууд нь хадчихсан мэт мэдрэгддэг нь долоохон настай жаалыг зэвүүцүүлнэ. Тэдний аав эрдэмтэн тул үргэлж лаборатори дээрээ байж, гэртээ барагтай үзэгддэггүй хүн байв. Тиймээс гэрт нь үргэлж байдаг өөрөөс нь өөр амьд организм ганц Буржгар билээ. Буржгарт хэдий дургүй ч ганц түүнээс өөр амьд организм мэдэхгүй, сургуульд ч явдаггүйн дээр бусдаас өөр явдал нь арга буюу ээнэгшин дасахад хүргэнэм. Ижилхэн түвшинд өсөөгүй ч тэдний сурсан зүйл, харах орчин нь нэг байлаа. Гагцхүү харах зүйлсийн өнцөг нь л хоёр өөр талаас байсан юм. Эзний хүү роботуудаа зүгээр л эд зүйл, хэрэгсэл гэж харах бол Буржгар тэднийг хиймэл оюун ухаант ажилчид гэж бодно. Роботууд хүнээс илүү чадавхтай гэдгийг тэр анзаарч мэддэг байлаа. Роботууд хэзээ ч тэр хоёр шиг ядардагүй, өлсдөггүй, унтдаггүй боловч хүний хийж чадах бүх зүйлийг чаддаг, бүр илүү ч хийж чаддаг. Робот асрагч хоол ундыг түүнээс хоёр дахин хурдан бөгөөд амттай хийнэ. Тэр гэр цэвэрлэхдээ бүр ч хурдан. Бас хаана юу байх ёстой, юу хийх ёстой гээд бүх зүйлсийг мэддэг, хэзээ ч дутуудуулдаггүй, хэзээ ч хожимдуулдаггүй, тэдний хийсэн зүйл төгс төгөлдөр байна. Буржгар хэчнээн хичээгээд ч тэдэн шиг юмсыг төгс хийж эс чадна. Дөнгөж долоохон настай хэрнэ тэр төгс оюун ухаант роботуудаас илүү гарахын тулд шаралхан зүтгэдэг хэгжүүн хүү байсан юм.

YOU ARE READING
A friend
Science Fiction...Царайг нь үл санах тэр нэгний хоолой тархинд минь тэнүүчилнэ. Яг л зүүд зэргэлээ мэт...