Олон зууны тэртээ хүн төрөлхтөн амаас ам дамжуулан түүх хэлэлцдэг байсан уламжлал одоо ч мартагдаагүй гэнэм. Тэр дундаа балчир хүүхдийг шөнө оройн цагаар эрт унтуулах гэж ярьж өгдөг хадны мангаа, орон доор амьдардаг сүнсний тухай үлгэрүүд ч хуучирсангүй. Харин энэ цагт хүүхдүүдийг дэг журамтай байлгах үүднээс олон янзын аймшгийн түүх ярьж өгдөг нь зүгээр ч нэг хадны мангаа биш, харин жинхэнээсээ алс холоос хүүхдүүдийг аваад явчихдаг бодит аймшгийн талаар байжээ.
Хүрээлэнгийн дотуур байранд амьдардаг сурагчид дунд нэг явган аймшгийн яриа байдаг байлаа. Арай том болсон хэд нь багацар хэдийгээ айлгаж даапаалах санаатай ярьж өгдөг мэт боловч хүрээлэнгийн бүх хүүхэд энэ түүхэнд их бага хэмжээгээр үнэний ор агуулагддаг гэж боддог. Арван тав зургаатай өсвөр насны томчуул нь энэ талаар ярихаас ч цэрвэдэг бол арван хоёр, гуравтай адтай хэд нь балчир дүү нартаа үүнийг жишим ч үгүй хэлнэ. Балчрууд нь том ах эгч нараасаа энэ талаар үнэн эсэхийг хааяахан битүү хатуу асуумар аядахад нөгөө хэд нь "Нас чинь болохоор мэднэ дээ." гэхээс өөр хариу өгөхгүй. Яг л насны хязгаартай хорио цээр мэт, бичигдээгүй дүрэм мэт энэ заншил мөрдөгдөнө. "Арван гурав дахь жилийн аймшиг" гэдгээрээ хүүхдүүдэд хэзээний танил болсон энэ яриа амаас ам дамжсаар, нэгээс нөгөөд хүрсээр.
Хичээл, ажил, бүх л өдөржин нэгэн хэвийн, бусад өдрүүдээс огт ялгарамгүй нэгэн уйтай өдрийн орой хүрээлэнгийн бага ангийнхан унтлагын танхимынхаа голд мөр мөрөө дэрлэн тойрог хэлбэрт орон сууцгаажээ. Унтлагын танхим дугуй заалтай, хүүхэд бүр унтлагын шилэн хорготой ба тойрог хэлбэрээр дээр дээрээсээ давхарлан танхимын адар хүртэл үргэжлэх ажээ. Хоёр хорго өнгөрөөд нэг автомат өргөгч шаттай, түүгээрээ дээд давхрынхан орондоо орцгооно. Хорго бүр мэдрэгчтэй, дотроос нь сурагч өөрөө унтах гэж буйгаа мэдэгдэхээс нааш шилэн хоргоны гэрэл эс унтарна. Гэвч шинжлэх ухаанд нэвтэрхий гоц хүүхдүүд үүнийг яаж аргалахаа хэдийн бодоод олчихдог байлаа. Ингээд л гэрэл нь унтарсан хоргоноосоо сэмээрхэн гарцгаагаад дугуй танхимын шалан дээр багшралдан суусан нь энэ байв. Энэ танхимын хүүхдүүдийг харвал ихэвчлэн арваас доош насныхан байх бөгөөд цөөн тооны арван нэг, хоёртууд нь дүү нараа тойруулж суулгаад ах эгч нараасаа сонссон түүхээ хуваалцахаар бэлдэн сууцгаажээ.
"Дээр үед хүмүүс нар сарны хөдөлгөөнийг ажиглан өдөр хоногуудыг тооцож, цаг тооны бичгээ хөтөлдөг байсан гэдэг. Тэр үед сар дэлхийг 29 удаа тойроход нэг бүтэн сар болдог байж л дээ. Сарны тооллоор эхэн өдөр буюу нэгэнд сар өөрөө огт харагдахгүй, түнэр харанхуй байснаа даруй арван дөрвөн удаа тойрч, арван дөрвөн өдөр өнгөрөхөд сар бүв бүтэн болж Тэргэл сар мандлаа гэж ойлгодог байж. Дахиад арван таван хоног өнгөрөхөд сар аанай л эхэн өдөр шиг оргүй алга болж, энэ мэтчилэнгээр өдөр хоногуудыг тооцох нь ертөнц дэлхийтэй салшгүй холбоотой байсан юм гэдэг. Өнөөдөр харин бид өдөр хоног, сар жил улирч буйг гэрэлт цамхгийн цагаар мэддэг болсон нь хуучин цагийнхнаас илүү азтайнх. Сонирхолтой нь одоо ч одон орон судлалынхан үүлэн дээрхийг хиймэл оюун ухаант телескопоороо дамжуулан зураглаж хараад тэрхүү сарны тооллыг бичиж тэмдэглэсээр байдаг гэнэ билээ. Тэдний он тооллоор бүтэн сар манддаг шинийн арван тавны өдөр манай хүрээлэнд учир битүүлэг зүйлс болдог гэлцэх. Урьд жилүүдэд энэ танхимд хуваарилагддаг байсан, одоо бол ахлах сурагчдын танхимд байдаг ах эгч нар маань ярьж өгсөн юм. Тэднийг арван гурав хүрэх үед бүгдийг нь найман давхрын лабораторид нэг нэгээр нь дагуулж ордог гэсэн. Дараа нь хэт авианы томограф машинд оруулж үзлэг хийнэ. Томограф машиныг бид эмчилгээний үндэс хичээлийн үеэр үзсэн дээ? Бүтэн биеийг шинжилдэг машин. Түүгээр орсны дараа оройн цагаар орноосоо босож болдоггүй, эс мөрдвөөс сарын дараа ч юм уу, эсвэл хоёр сарын дараа заримынх нь бие гэрэлтэж эхэлдэг. Гарын шуу нь, шагай нь, заримдаа бүр цээжин хэсэг нь гэрэлтдэг гэж байсан. Яг энэ үед тэд өөрсдийгөө үхэх нь л гэж боддог хэдий ч долоо хоногийн дараа л зүгээр болчихдог. Харин огт зүгээр болохгүй байгаа ганц нэг овлигогүй сурагч тэдэн дундаас тодроод гараад ирэхийн цагт тэднийг гэрэлт цамхаг руу дагуулж авч яваад тэнд нь гэрлэн бүрхүүлийн нэг хэсэг болгоод үүрд цоожилчихдог гэнэ билээ. Хэчнээн гуйсан ч, хичээсэн ч тэндээсээ гарч чаддаггүй, үүрд гэрэл болж үлддэг. Тэгээд хэрвээ гэрэл нь асахаа боливол хугацаа нь дууссан машинуудтай хамт хогийн цэг дээр хаячихдаг. Хогийн цэг дээр хаягдсан машинууд яадгийг мэдэх үү? Тэднийг хотоос бүр мөсөн гаргаж хаядаг юм. Ингээд л хөөрхий тэдний хувь заяа Гэрэлт хотоос эгнэгт хагацаж байгаа юм даа."
YOU ARE READING
A friend
Ciencia Ficción...Царайг нь үл санах тэр нэгний хоолой тархинд минь тэнүүчилнэ. Яг л зүүд зэргэлээ мэт...