0007

146 39 1
                                    

"За, чи үнэнээ хэл. Аав чамд юу тарьсан? Би харсан шүү, юу хийж байсныг чинь." хэмээн унтлагын хорго дотор нь Буржгарыг байцааж гарав. Өөдөөс нь Буржгар булзайруулан "Үгүй, чи буруу харсан байна. Надад юу л тарив гэж. Хачин юм ярих юм." гэнэ. Буржгар булзсан шигээ зүүн гараа ардаа ихэд нуух нь сэжиг бүхий тул Дүгэрэг хүчээр хоргоны хананд шахаж байгаад гарыг нь угз татахад биеэр арай жижиг Буржгар түүний хүчинд автан гар нь хөсөр гарч ирлээ. Ханцуйных нь товчийг тайлаад дээш нь угзарвал шуун дээр нь өчүүхэн жижиг хэмжээтэй тарианы сорви байв. "Энэ чинь тэгээд юу юм?" гэж Дүгэрэгийг зандарвал Буржгар тайвуухан "Тарианы л сорви байна. Эмнэлэгт хэвтэж буй хүнд ийм сорви байлгүй л. Үүнд асуудал бий гэж үү?" гэж илтэд мэдэхгүй царайлна. Үнэхээр ч урьд өдрийнхтэй адил шархнаас ямар нэг зүйл гэрэлтсэнгүй. Гаднаас нь харахад энгийн л нэг тарианы сорви мөнөөс мөн. Гэсэн ч Дүгэрэг санаа амралгүй шууг атгаж нэг, сорвин дээр нь дарж нэг үзлээ. Гэтэл ч өнөө шархны нь яг дор ямар нэгэн овгор товгор хатуу зүйл мэдрэх нь тэр. Этгээд сэжигтэй зүйл олсноо Дүгэрэг дахин дахин нягталж дарж үзэхэд Буржгар санд мэнд гараа татаж аваад ханцуйгаа буулгаж байна. Ерөөс бугалга дотор нь ямар нэг зүйл хийснийг мэдсэн Дүгэрэг "Аль вэ тэр, юу ч биш гээд байсан чинь хаана байна? Бие дотор чинь юу байгааг хэл л дээ. Аав та хоёр яг юу сэдээд байгаа юм?" гэхүл Буржгар өөдөөс нь эгцэлж харалгүйгээр "Чи хараахан мэдэхгүй байж болно оо. Дараа нь амжилттай болох цагт бүх зүйлийн учрыг тайлбарлая. Болно уу?" хэмээн учирлав. Баараггүй ямар нэгэн зүйл сэжигтэй байсан нь нүдэн дээр нь нотлогдоход Дүгэрэг толгойгоо барин хойш савж "Мэдээд байсан юм. Та хоёр надаас нууцаар олиггүй юм хийж байгаа гэж. Яагаад ямар нэгэн чухал зүйл, аль эсвэл сэжигтэй зүйл болоход тэнд зөвхөн та хоёр л байдаг юм бэ? Яагаад надаас нууцлаад байгаа юм бэ? Яагаад? Яагаад!" хэмээн тийчиллээ. Тэр угийн өөрөөс нь нууцаар ямар нэг зүйл хийх, ганцааранг нь үлдээх, орхиход туйлын дургүй боловч энэ удаад ганц өөрөөс нь юм нуусанд уурласангүй. Харин тэр хоёрын нууцаар хийж буй зүйл тун ноцтой, эгэл бус зүйл байсанд дургүйцэл нь улам бүр буцалж байсан юм.

Найзыгаа хэргийг мэдэхээс нааш санаа амрахгүй тийчлэхийг хэнээс ч илүү сайн мэдэх Буржгар эцэст нь арга барагдаж, үнэнээ хэлэхээс өөр арга үлдсэнгүй. Тэрээр хоргоныхоо гэрлийг унтрааж байгаад Дүгэрэгийг аль болох чимээгүй, тайван сонсож чадна гэсэн ам өчгийг авсны дараа ярихаар зэхэв.

"Чи дотуур байрны түүхийг санаж байна уу?" Энэ санаанд оромгүй эхлэл байлаа.

"Мэдсэн юм аа. Чи гэрэлтдэг хүүхдүүдтэй адилхан болчихож. Чамайг энд удаагаад байгаа нь ч тэр, чамайг гэрэлт цамхаг руу авч явах гэж байгаа юм уу?" хэмээн зангирсан хоолойгоор хэлээд найзад нь үхээрийн аюул тохиосон аятай уй гашуут нүдээр ширтэхэд Буржгар толгой сэгсэрч "За үгүй дээ. Намайг хэн ч хааш нь ч авч явах гээгүй байна. Хүүхдүүд гэрлийн чийдэн болон хувирдаг ч худлаа цуу яриа. Харин биднийг их үйлсэд, хүн төрөлхтний шинэ эринд бэлдэж байгаа юм. Шинэ хувьслын онол." хэмээн урам зоригтой тайлбарлаж өгөхөд Дүгэрэг саяынхыг ойлгосонгүй болтой, гайхан дуугаа хураав. Найз нь үргэжлүүлж "Профессорын одоо хийж буй судалгаа, туршилтын ачаар хүмүүс дахиж өвдөхгүй, зовохгүй, энэ шилэн хотод нуугдах шаардлагагүй болно. Бидний биед байгаа зүйл бол амьд организмын хамгийн жижиг хэсэг болох эсүүдэд хүрч нэвчих чадалтай үнэмлэхүй бичил компьютерын үүр юм. Энэ суулгацын ачаар бидний биеийн эсүүд төд удалгүй цахилгаан соронзон долгионтой холбогдож, эсийн түвшинд бид технологижно. Бидний эсүүд ингэж холбогдож чадсанаар эхлээд ямар ч уг суурь өвчингүй болж, дархлааны системүүд маань хүчирхэгжих болно. Энэ яг л эс дотор чинь нэгэн бичил хиймэл оюун ухааны үүсгүүр багтаачихсантай адил. Удахгүй энэ төхөөрөмжийг улам боловсронгуй болгоч чадвал бид роботын дайтай хүчин чадалтай хэрнэ амьд организм хэвээрээ үлдэж, амьд организм, машин хоёрыг хослуулсан хүн төрөлхтний шинэ үеийн түүчээ болох юм." гэлээ.

A friendWhere stories live. Discover now