Тал дүүрэн алаглах амьд сараана, алтан зулын бэлчир зурвасаар алхаж явна. Ай даа, амьд цэцэгсийн үнэр, анхилам хэмээх нь үгсийн сангийн чимэг нь буюу. Зах хязгаар нь үл харагдах цэцгийн мандлын дээгүүр тусах нарны илч зүүдэн мөрөөдөлд минь оршдог шиг. Сэвшээ салхины аясаар цөм найган бүжих мэт нэгэн тийшээ ханарах нь салхи сэтгэлд ирээд хургадаггүй, харин зүрхний нээлхийгээр ороод буцаад гарахдаа бүхнийг хийсгэн оддогийг мэдрүүлэх мэт. Тэгээд би бодно. Алтан наран мөнхөд дээр нь мандаж байдаг амьдралын мод хаа нэгтээ байж л таарна. Үндэс мөчрөөрөө бүх дэлхийг хүй мэт ороох тэр мод алтан зулын талбайг дайрдаг шигээ миний үндэс нахиа ч болон салбарлана. Надаас ургасан үндсийг даган явсаар энэ талбайн захад ирчхээд халиурах их цэцэгсийн мандлыг үзэхээс биш цааш явах зүрх зориг дутан алгуурласаар. Урагш нэг алхам ахих бүрд алтан зул, сараана хоёр бие биеэсээ ялгаран надад зам тавьж өгөх шиг хоёр тийш ханарах авч тэдний дундуур гарч зүрхэлнэ гэж үү? Намайг гаргахын тулд биенээсээ хагацан холдоно гэдэг хэчнээн том хүндэтгэл вэ? Энэ их сэтгэлийн нь хариуд би гараад өнгөрөх ёстой. Би урагшлах ёстой. Хөл минь цуцаж, нүд минь харахаа больсон ч тэдний тэтгэх хүчийн ачаар би энэ уудам мандлыг гатлахдаа л нэг гатална. Энэ мандлын цаана амьдралын мод төлжин нахиалсаар байгаа гэдэгт итгэлтэй байна. Өөрийг нь зорьж очих намайг тэр үндэсний нимгэн судлуудаараа олж мэдэх болно. Хэчнээн ч удсан бай, хязгааргүй хугацаа өнгөрлөө ч, эсвэл бүр цаг хугацаа зогссон байсан ч урагш нэг л алхаж чадвал амьдралын мод хүртэлх зай нэг алхам хорогдоно. Нүдээ нээмэгц л би өмнө нь зогсож байна.
***
Зүүдэнд л үзэгддэг шиг дулаахан уур амьсгал, зовуурь түгшүүргүй өглөө. Айдас түгшүүр мэдрэхгүй сэрснээ гайхан бодох хүмүүс. Ханатлаа нойр аваад сэрэхэд л мэдрэгддэг энэ тухтай мэдрэмжүүд. Саяхнаас энэ хөндийд нар тусах шиг л болсон.
Ингээд харахад цөөхүүлхнээ боловч урьд оны мөн цагаас мэдэгдэхүйц олуулаа болсон хүүхдүүд хөл дээрээ босоод инээж ханиан гүйж харагдана. Энэ нутагт хүн инээхээ болиод хэр удлаа даа. Гэтэл өнөөдөр хүүхдийн цангинасан инээд нарны туяа, цэвэр агаар мэт биднийг эмнэж байна.
Урьд нь нар тусдаггүй энэ нутгийнхан цаг хугацааг үл тоон оршиж ирсэн атал өнөөдөр тэд овоолсон хогон дундаас механик, автомат цагнуудыг ухаж гаргаад засаж сэлбэн ажиллуулах болжээ. Өдрийн ихэнх хугацаанд яг л адилхан харанхуй бүрэнхий байдаг хэдий ч, тэдний цагаар яг одоо өглөөний арван цаг болж байна. Орноосоо өндийх чадалгүй зарим ээж аав нар хүүхдээ хонх жингэнүүлэн дуудах бол орноос босох тэнхэлтэй нь үүдээрээ шагайн эрэл сурал хийнэ. Ээж аав нарынхаа дуунаар тэд гэртээ харайлган хүрээд цэвэрхэн хувцас сольж өмсөн, унд уусныхаа дараа буцаад л гараад явна. Энэ удаад тэд тоглохоор цугласангүй. Бүгд суурингийн захад байдаг нэгэн тохилогдуухан цэвэрхэн байшингийн гадаа ирээд дугаарлан зогсох юм гэнэ. Хамгийн сүүлд доголсоор хүрч ирэх хатсан мөчир шиг туранхай хүү найзуудынхаа араас мөн дугаарлан зогслоо. Гаднаас нь харахад хүү дөнгөж долоо юм уу, найман настай болов уу гэмээр. Туранхай л болохоос царай зүс нь хэвийн, элдэв саа өвчин үл ажиглагдана. Тэдгээр хүүхэд дунд саа өвчтэй, нүдэнд нь цагаа унасан, унаж татдаг гээд олон янзын өвчтэй нь бий. Харин энэ хүүгийн хувьд зүүн хөлнөөс бусдаар эрүүл саруул харагдана. Хүүгийн зүүн хөл төрөхөд нь л хугаралтай гарч, түүнээс хойш муруй чигээрээ бороолж эдгэсний улмаас ийн хазгай болжээ.

YOU ARE READING
A friend
Science Fiction...Царайг нь үл санах тэр нэгний хоолой тархинд минь тэнүүчилнэ. Яг л зүүд зэргэлээ мэт...