ai. Эхлэл

612 65 14
                                    

Хүмүүс ердөө хоёрхон төрөл байдгийг ухаарахдаа би ердөө зургаахан настай байлаа.

Дээд зиндааны хүмүүст хавь илүү эрх мэдэл, эд баялаг....хамгийн гол нь хүссэн бүхнээ өөрийн болгох (бүр хамгийн гоё даашинзтай барбиг хүртэл хурууны үзүүрээрээ л өөртөө авах) тийм их хүч байдгийг жаахан байхдаа л хачин тодоор ойлгочихсон. Харин доод зиндааны хүмүүс мөнгөний төлөө дээд зиндааны дээдэст үйлчилнэ. Өөрөөр хэлбэл над шиг хүмүүс хуучирч муудсан хэрэггүй халтар барбиг авна гэсэн үг.

Энэ л ялгаа жил ирэх тусам улам томорч, амьдралд минь бүр ихээр нөлөөлсөөр эцэстээ үзэн ядах хэмжээнд хүрч болох байсан ч....надад аз дайрсан.

Бүх дээд зиндааныхан муу хүмүүс байдаггүй. Түүний ачаар л би яг ижилхэн шинэ барби авч, хамгийн гол нь юу ч хүртэх эрхгүй хөөрхийлөлтэй хувь заяаг минь эргүүлсэнд нь талархан өссөн.

Гэсэн ч намайг хэзээ ч цухалдуулж байгаагүй энэ л ялгаа адаг сүүлд нь хайрлах эрхийг минь хасчихна гэдгийг мэдээгүй явж. Тэр мөчид өнөө өгөөмөр дээдэс нь хамгийн харгис дайсан болж болохыг ч тооцоололгүй бүдэрч.....

*****

             Далайн эргийн дэргэдэх харшид аль хэдийн жаргах нарны ягаахан туяа туссан байлаа. Өдрийн яг өдийд гол цонхоор дамжин үүдний танхимд гэрэл гэгээ харамгүй тусдаг тул ноён Им тааламжтайн аргагүй зогсож харагддаг байсан сан. Харин гэрийн эзэгтэй ихэвчлэн хуваарийнхаа дагуу оройн хоолондоо юу идэхээ эртлэн тогоочид захидаг тул өөрийг нь таргалуулахгүй бүхэнд анхаарлаа хандуулна. Уг нь энэ жигүүрийн эхэнд байх цасан цагаан хаалгатай өрөөнөөс амьд хөгжим хангинаж гэрийнхэн тэр чигтээ амь ордог байсан ч одоо нам гүм. Цаг хугацаа нэгэнт урсан одож бүх юм тэс өөр болчихжээ. Бидний амьдралын хэв маяг, тэдний ааш зан, хийх зүйлс гээд бүгд танигдахын аргагүй өөрчлөгдөж.

             Өнөөдрийн цэвэрлэгээгээ дуусгаад шүүрээ барьсаар доош буух гэтэл танхимын гол хаалга нээгдэж Мисүн бөөн тор, хайрцгууд давхарлан барьсан жолоочийг дагуулсаар өрөө лүүгээ зүглэж байлаа. Түүнийг ингээд л гэртээ ирчихнэ гэж санаагүй тул баярласандаа байж ядан хар хурдаараа гүйн очоод удаан уулзаагүй найзаа чангаас чанга тэвэрлээ.

             Им Мисүн. Миний авралын од. Энэ айлд амь зогоож үлдсэний ганц шалтгаан. Бусад доод зиндааныхны хүртдэг бүхнээс холдуулан нандигнасан үнэт эрдэнэ. Хамгийн гол нь хаанахынх гэх гарал үүслээс минь илүүтэй хэн болох хүнийг минь үнэлдэг цорын ганц найз.

NEVER BEEN HISWhere stories live. Discover now