"Хонгор минь, хоёулаа хувь тавилангаар учиржээ."
Хоолой нь ийм үзэсгэлэнтэй сонсогддог байх нь ээ.
Тэрхэн мөчид Сувагийн хувьд цаг хугацаа зогсчихсон юм.
Зүрх нь амаараа гарах гээд байна уу гэлтэй хүчтэй цохилж, дотор эрхтэнүүд нь хайлаад ч байгаа юм шиг удаан мэдрэх тусам дотор нь ороод живмээр тийм л мэдрэмжүүдэд охин эзэмдүүлсэн байлаа.
Чулуу шиг хатуу Хан Суваг ийн догдлуулж, энэ нандин мэдрэмжийг түүнд өгч чадах хүн нь хорвоод ганц.
Яг л олон жилийн өмнөх шигээ илэн далангуй, нялуун үгсээ урсгаж байгаа түүний урд зогсож буй хөвгүүн.
Царайных нь хэсэг бүрт амиа өгчихмөөр.. яасан ч царайлаг юм бэ дээ, чи минь.
Өөр лүү нь хайр дүүрэн харцаар ширтэж буй хөвгүүн рүү хариу дулаахнаар мишээж, гарт нь үзэгдэх чихэр лүү инээвхийлэн эргэн тойрноо анзаарах сөхөөгүй байсан Суваг сурагчдийн чихэнд чийртэй шивнээн бодит байдалд буцаан авчирлаа.
- Сая Рики юу гээд хэлчихэв ээ?
- Энэ охин хэн юм бэ? Ашшшш, дотор бачуурж үхэх нь!
- Рики энэ охинтой уулзах гэж буцаж ирсэн юм биш үү?
Тэрээр юу болоод байгааг хараахан ойлгоогүй харцаар түүн рүү ширтэж байснаа, одоо л ойлгов бололтой уулга алдсаар,
"Чи тэр Рики нь байсан юм уу?"
Үүнийг сонссон Рики инээмсэглэн толгой дохьлоо.
Толгой дохихыг нь харсан охин саяхан бодож байсан бодлоосоо үнэхээр их ичлээ.
Хайртыгаа новшоор нь дуудчихсан явж байж шүү дээ.
Өөрийгөө шоолон байж байтал Рикиг ирэх сургаар үхэн хатан орилж дэмжээд байсан охидын нэг нь чанга орилсоор босож ирэн ийн хашгичих нь тэр.
- Рикигийн маань толгойг эргүүлсэн өлөгчин! Алаад хаяна даа, чамайг. Наанаа ширүүн, юу ч тоохгүй юм шиг царайлдаг хэрнээ цаанаа засал авахааргүй бузар эм–
"Болох юм биш үү?"
Анх таарсан мөчөөс энэ хүртэл цаг мөч бүрт нь сэтгэлээрээ хамт байж эцэст нь нэг юм олоод уулзалдсан байтал, түүнийгээ нүдэн дээр нь доромжлуулахыг тэвчээгүйдээ Рики ийнхүү уцаарлангуй дугарлаа.
Сурагчид энэ үйлдэлд нь илт гайхацгаах аж.
Өмнө нь эмэгтэй сурагчидтай орооцолдох нь битгий хэл ойртдоггүй ч үгүй байсан сургуулийн од залуу нь нэг л өдөр буцаж ирчихээд нэг охиныг өмөөрөн, өөр эмэгтэй сурагчтай ам зөрүүлээд сууж байна шүү дээ.
Энэ явдлыг ажигласан Рики, Сува руу нүдээ ирмэн "Өнөөдөр чиний цагийг хулгайлчихъя." гэсээр Сувагийн гарнаас хөтлөн сургуулиас гарлаа.
Жаалхан охины гэдэс дотор эрвээхий нисэлдэн, түүнийг ч бас ийм мэдрэмжинд умбаж байгаа болов уу хэмээн бодно.
Гудамжаар гүйж байхдаа хөтлөлцсөн гараа дээшлүүлэн харсаар, Рикигийн инээмсэглэсэн дүр төрхийг олж харлаа.
Тэр мөчид Сувагийн толгойд ганц л бодол орж ирсэн юм.
Энэ хүнийг л өөрийн болгодоггүй юм бол амьдраад хэрэг байна уу даа гэж.
...
"Чи үнэхээр тэр хөвгүүн мөн гэж үү?"
"Биш бол юу гэж?"
"Үгүй ээ, зүгээр л.. хэтэрхий гэнэтийн байна. Догдлоод үхэх нь."
Рики хүссэн зүйлээ сонссон аятай түүн рүүгээ харан зөөлөн мишээсээр,
"Энэ гэнэтийн бас догдолсон мөчийг бүрдүүлэхийг хичнээн их хүссэн гээч."
"Юу?"
"Удахгүй чи мэдэж бас мэдрэх болно оо. Миний чамд хичнээн их хайртайг."
Үнэхээр солиотой эсвэл зүрх булгилуулам хэрэг. Бие биетэйгээ хоёрхон удаа л уулзалдаж үзсэн байтал, бие биенийгээ хайрлах хүсэл нь нарнаас ч халуун байгаа нь солиотой эсвэл үнэхээр зүрх булгилуулам биш гэж үү?
Нам гүн байдлыг эвдэн Сува "Хэдэн жил болов?"
"9 жил."
"Хоёулаа чацуу, тэр үед бид 8 настай байсан гэхээр.. үнэхээр олон жил болчихжээ."
"Үнэхээр хурдан байсан."
"Тийм гэж үү?"
"Хүн дуртай зүйлээ хийж, дуртай зүйлээ бодоход цаг хугацаа хурдан өнгөрдөг дөө."
Охин ч хэлсэн зүйлд нь санал нийлэн, толгой дохивол хөвгүүн өнөөх л хайр дүүрэн харцаараа Сува руу ширтсээр,
"Тийм болохоор л үнэхээр хурдан байсан хэрэг. Чи миний зүгээр ч нэг дуртай биш бүх зүйлээ зориулж чадахаар дуртай зүйл минь байсан болохоор."