"За өнөөдрийн хичээл дууслаа. Давтлагатай хүүхдүүд нь үлдэцгээгээрэй."
Сүүлийн цаг орсон багш ийн хэлэхэд Сува дэвтэр номоо цүнхэлээд байж байтал Гюбин хүрч ирэн мөрөн дээр нь товшчихоод, "Өнөөдөр хагалгаанд орох өдөр нь болохоор түрүүлээд явлаа шүү. Баяртай."
"Ойлголоо. Эгчийг сэрэхээр нь мэнд дамжуулаарай."
Сува ч сургуулиасаа гаран, гэр лүүгээ гэлдэрж байхад нь будлиа эрчүүд хүрч ирэн амыг нь таглаад, толгойнд нь даавуу углуулж ухаан алдуулах хүртэл тэр очоод Южинд ямар хоол хийж өгөх тухайгаа бодож байсан юм.
...
Цаг орой болж, харуй бүрий болох нь дөхөж байхад яаж ч оройтсон 10 цагаас өмнө ирчихдэг байсан эгчийгээ гайхсаар, шөнийн 11-ыг заах цаг руу дүү нь санаа зовнингуй ширтэж байлаа.
Сува руу залгасан 12 дахь дуудлага нь амжилтгүй болох үед амандаа хамаг хараалаа урсгасаар, Рики лүү утас цохив.
Хэд дуудуулаад л авчихсанд нь Южин баярласаар,
"Эгч тантай хамт байна уу?"
"Үгүй ээ. Би өнөөдөр Суватай уулзаагүй, сургуульдаа ч яваагүй шүү дээ. Ээжтэй хамт гарах ажил байсан юм. Сува яасан юм? Зүгээр биз дээ?"
Рикигийн хэлсэн үгс Южиний толгой дундуур нэг сайн цохиод авав уу гэлтэй амьсгал нь хурдассаар арай ядан,
"Сува эгч одоо болтол ирээгүй байна.. Т-Түүнд ямар нэг зүйл болчихсон байвал яах вэ?"
Утас тасрах чимээ дуулдан Рики байсан газраасаа хамаг хурдаараа гаран, машиндаа суулаа.
Төв зам руу орчихоод Суваг хаанаас хайх ёстойгоо гайхан бодож байтал утсанд нь зурвас ирснийг илтгэн дэлгэц нь аслаа. Ийм үед зурвасаа тоож уншихыг хүсээгүй ч асаалттай дэлгэцэн дээрх нууцлагдсан дугаараас ирсэн үгс Рикиг хотын зах руу давхихад хүргэсэн юм.