Бүрхэг өдрийн гунигтай нууц

1.3K 115 20
                                    

2016 оны 9 сарын 17 - 13:00

"Бүрхэг өдөр бүх л зүйлс саарал болчих шиг санагддаг юм. Заримдаа ийм үед нар үүлний цаанаас гарч ирдэг. Яг үүн шиг л би гудамжаар алхаж явахдаа энэ кафег олж харлаа. Орж ирээд л бодит амьдрал, өнгөрсөн одоогоо мартаж зүгээр л тайван халуун латте уугаад суух хүсэл төрүүлсэн шүү. Үнэхээр сайхан газар байна. Өнөөдрөөс хоол гарахаар болсон гэж бариста залуу хэлсэн. Захиалсан пастагаа идчихээд сэтгэгдлээ хэлнээ. Энэ дэвтрийг эхнээс нь уншлаа, тэгээд яагаад ч юм эдгээр хүмүүсийг өдөр бүр хардаг, нууцыг нь уншдаг баристад атаархах сэтгэгдэл төрөв. Үнэхээр үзэсгэлэнтэй охин байнаа гэж бодтол ДУРСАМЖИЙН ДЭВТЭР дээр бичсэн зүйл нь бие үнэлэгч тухай байвал ямар бол? Би түүнийг ямар царай төрхтэй бол гэж төсөөлж сууна. Гэхдээ хамгийн аймшигтай нь яг тэр үед тэр цагт манай найз охин гэртээ оройтож ирсэн юм. Бас задлангийн эмч гэж надад хэлсэн нь хүртэл таараад би бага зэрэг хардах сэтгэл тээгээд л сууж байна. Зөвхөн энд бичсэн танихгүй эмэгтэйн бичээс хайртай хүнийг минь муухай хүн гэж бодоход хүргэмээргүй л байх юм.

Би түүн рүү мессежээр "Гэрээс холгүйхэн байдаг CHOCOLATE CAFE их аятайхан юм шиг байна. Хоёулаа хамтдаа орох уу?" гэж асуучихлаа. Хариулт нь миний амьдралыг шийдэх болчихоод байна шүү дээ.... Тэр ажилтай учраас хариулах гэж удах биз. Түүнийг над руу мессеж бичтэл би өөрийнхөө мартаж чаддаггүй дурсамжаа хуваалцмаар байна.

Арван жилийн төгсөх анги байлаа. Манай ангид Гүнжээ гэх охин байсан. Би түүнтэй үргэлж хамт, ирээдүйд хүртэл сууна гэж ярилцдаг нэг нэгнийхээ анхны хайр гэхэд болох байх. Гэвч тэр өдөр хоног өнгөрөх бүрт компьютер тэмдэглэлийн дэвтрээс салахаа байсан. Тэр миний анхны хайр бас анхны үнсэлт. Түүнтэй хамгийн сүүлд уулзахад тэр надад "Чи миний ханхүү, би чиний гүнж" гэж хэлсэн юм.

Хэдхэн сарын өмнө би түүний тухай итгэмээргүй түүхийг ахаас нь сонссон. Одоо хүртэл бодлоос минь гарахгүй юм.... Арван найман настайдаа хүссэн сургуульдаа орж чадалгүй зожиг нэгэн болсоор нэг өдөр интернэтээр дамжуулан хүнтэй танилцсан гэсэн. Тэр хүндээ бараг дэлгэцний цаанаас дурласан сурагтай. Гэвч нэг их удалгүй гэртээ ганцаараа байхдаа шоконд орсон хөдөлж чадахгүй газар хэвтэж байсан учраас ээж аав нь эмнэлэгт аваачжээ. Тэр нүдээ нээж  чадалгүй орон дээр хэвтэхдээ заримдаа ганц хоёр үг л хэлдэг байв. Яагаад ийм зүйл болсныг мэдэх гэж төрөл бүрийн шинжилгээ оношилгоо хийсээр хагас жил эмнэлэгт асарсан гэнэлээ.

Шинэхэн эмч залуу түүний байдлыг мэдээд өрөвдсөн ч юмуу, эсвэл үнэхээр тусламаар байсан уу? Ямартаа ч дэргэд нь өдөр бүр ажлынхаа гучин минутыг хумслан байж түүх ярьж өгдөг байсан гэсэн. Гүнжээ гэх нэртэй учраас "Гүнжийн шилтгээн" гэх мэт янз бүрийн зүйл зохион ярьж өгөхөд инээмсэглэдэг байв. Үргэлжлүүлэн ярих бүрт түүний амнаас "Гүнжээ, Дон" гэх мэт үгнүүд гарч эхлэсэн нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлж байна гэж үзсэн учраас эмч илүү олон цагийг дэргэд нь өнгөрөөх болжээ. Дон бол тэр эмчийн нэр байсан юм. Заримдаа ээж нь охиныхоо хайртай муурыг авчиран "Муужгай нь ирлээ.. бяцхан муужгайгаа харахгүй юм уу?" гээд л сэрээчих санаатай төрөл бүрээр үзнэ. Гэвч тэр хэвтсээр л байв. Түүх бага багаар өөрчлөгдөж өрөөнд нь орж ирсэн эмч бүр төрөл бүрийн зүйл ярьсаар Гүнжээ "Юу болоод байна?" гэх бүтэн өгүүлбэр хэлдэг боллоо.

Удахгүй ярьж, нүдээ нээдэг болно гэх итгэлийг төрүүлсэн түүний дэргэд өнөөх эмч үргэлжлүүлэн түүх ярьсаар байсан юм. Гэвч харамсалтай нь Гүнжээ нүүрэндээ инээмсэглэл тодруулан амьсгал хураасан гэнэлээ. Эмнэлгийн эмч сувилагч нар өмнө нь огтхон ч үзэж харж байгаагүй шинэ өвчин байна гэлцэж яахаа мэдэлгүй туслаж чадсангүй гэсээр хоорондоо ярилцана. Харин эцэг эх нь охиныгоо санагдуулах бүгдийг хаяж одон гадагшаа явсан сурагтай... 

Би түүнтэй яг ижилхэн эмэгтэйг бороонд дааран зогсоход нь анх харж билээ. Гүнжээ гээд л дуудсан болов ч тэр эргэж хараагүй. Танилцсаныхаа дараа л өөр хүн болохыг нь мэдсэн юм. Тиймээ тэр бол миний мессежийг нь хүлээн суугаа өнөөх эмэгтэй. Би түүнд хайртай юу? эсвэл зүгээр л Гүнжээтэй ижилхэн учраас хайрладаг уу?...

Мессеж ирлээ... Тохьтой газар байна. Ахин ирэх болноо. Ажлын амжилт хүсье!"

Дуу: Gnarls Barkley - Crazy (Cover) by Daniela Andrade


Кафед дурссан түүхүүдDonde viven las historias. Descúbrelo ahora