Цэцгэнд дурласан багтай хүү.

1K 57 0
                                    

Амьсгалаар минь цалиглаж, нулимсаар минь дүүрэх эх захгүй энэ далайн эрэгт эргэн тойрноо өөрийн цуцашгүй их гунигаараа гэрэлтүүлэн суухдаа би юунд найддаг гээч? Намайг гэсэн чиний дулаахан сэтгэл үнэн юм шиг санагдах болсон тэр үеэс би өөрсдийнхөө тавиланг зүхэж байсан. Дуудах нэргүй, таних царайгүй надад дэргэд чинь очих тэнхэл байхгүй учраас өөрийгөө чамд харуулж чадахгүй гэдгийг минь, өөрийгөө чамд өгч зүрхлэхгүй гэдгийг минь чи мэдэж байсан шүү дээ. Тэр далайн эрэгт санаа алдан суухдаа чамайг эргэж ирнэ гэдэгт би найддаг. Яагаад найддаг гээч? Учир нь чи надаас холдон одохдоо баяртай гэж хэлээгүй болохоор. Ойлгож байна уу? Салах ёс хийлгүй явсан чамайг би хүлээдэг. Чамайг хүлээсээр, ирнэ гэж найдсаар цаг хугацааны хэлбэлзэлд гацаж орхисон багтай хүү.

Би тэнэг байна уу? Мунхаг байна уу? Одоо чи харамсаж бас намайг өрөвдөж байна уу? Тийм бол сайн байна тэгвэл би жаргалтай байна . Учир нь тэгээд  ч болтугай чамайг над дээр ирээсэй гэж хүсч байна. Хүлээлт найдвараар тэтгэгдэж, аль хэдийн надаас одсон чамайг, би амьд гэж итгэсээр байх юм.  Яг л орчлон хорвоо дээр ганцаар үлдсэн ховорхон цэцэг мэт тэр нэгэн цэцэрлэгт чамайгаа би хүлээсээр байна.

Энэ хайр уу? Эсвэл харамсал юм уу? Миний инээдийг надаас авч зугтсан юм бол уй гунигийг минь ч мөн салгаж одохгүй яасан юм? Аз жаргалыг минь нууж түгжчихээд юунд надад зовлон зүдгүүр бэлэглэнэ вэ? Энэ шийтгэл бас чиний надад хайрлаж буй гэсгээл байх тийм үү? Үнэн төрхөө нууж, баг өмссөн намайг чамтай уулзахаар энэ цэцэрлэгт ирэх бүрт чи нуугдаж байдагсан. Нэрийг чинь би санахгүй байх юм. Чамд очих газар байсан уу? Мэдэхгүй. Би юу ч мэдэхгүй. Чиний талаар юу ч мэдэхгүй мөртлөө хэрхэн инээмсэглэлд чинь тэгтлээ их шунаж, чамайг би ингэж их өгүүлнэ вэ? Царай муутай өөрийгөө чамаас нуун халхалсанд чи гомдож одсон хэрэг үү? Цэцэг минь? Эсвэл чамтай адилхан тэр цэцэгсийг тасалж орхиод чамд бэлгэлсэнд минь тунирхаа юу? Ганцаар би элсэн цамхагт хоригдон байхдаа чамайг цэцэрлэгт нуугдсаныг мэдсэнсэн бол гүйгээд л очих байсансан.

Тэр үед би айдаг байсан чамайг алдахвий гэхээс. Нэргүй, нүүргүй, дуу хоолоогүй надаас үргэж одохвий гэдгээс чинь айсан. Чамайг алдхаас айхдаа би зугтахыг хүсч байсан гэхдээ чадаагүй. Учир нь гэвэл би чамд дурлачихсан. Чамайг гэсэн хайр намайг тэнд хорьж, чиний мишээл намайг гинжилж орхисон билээ.

Зүрхийг чинь зогсох хүртэл өөрийн амьсгалаа чамд бэлэглэхийг хүссэн. Үзэсгэлэнт мэлмийгээ аньхад чинь сүүлийн удаа харах зүйл чинь зөвхөн миний нулимс байгаасай гэж мөрөөдсөн. Чиний гар ганцхан миний алганд багтаасай гэж залбирсан.

KHAND's ONESHOTSWhere stories live. Discover now