Чи түүнрүү гэм хийчихсэн хүүхэд аятай гуйланчлан ширтэж, түүний гараас атган үг унагах бүртээ түүнээс өршөөл эрэн байх бол би энэ бүх савангийн дуурийг бачууран үзэж суулаа.
Надад хэлээч дахиад түүний өмнө юуг тэгтлээ буруу хийчихсэн гэдгээ?
Хариултыг нь мэдэж байна.
Чи өөрөө ч мэдэхгүй байгаа тийм биз дээ? Түүнийг яагаад уурлуулчихсанаа чи тааж ядан, өөрөөсөө давтан давтан асууж, өөрийн үйлдэл бүрээ эргэн санаж хянсан ч чи юунд гэмтэйгээ олж мэдэж чадахгүй. Учир нь магад тэр зүгээр л чамд уурламаар санагдсан байх. Зүгээр л тэгж хүссэн хэрэг. Өөр юу ч биш л дээ.
Чиний байгаа байдал, үйл хөдлөл түүний сэтгэлд нийцээгүй байж мэдэх ч хажууд чинь байх чадалгүй надад хараад ханашгүй бүтээл мэт санагдана.
Хэрэв чи хүсвэл, чиний төлөө би тэр хүнд, чиний хайрладаг тэр бүсгүйд өөрийн нүдээ бэлэглээд миний олж хардаг чамайг түүнд үзүүлж болох юм.Тэгсэн цагт чамайг минь илүү их хайрлаж өгөх болов уу? Хүртэх эрхтэй хайрыг, чамд мэдрүүлж өгөх болов уу? Мэлмийг минь надаас авсан цагтаа л чамд зориулах байсан сэтгэлийг минь хүргэж өгөх юм болов уу? Мэдэхгүй.
Хөөрхөн нүүрээ үрчийлгэж ярвайлгасаар хайртай тэр охин чинь бусдын нүдэн дээр чамайг уландаа бяцлаад, доожоогүй амьтан болгож хаячхаад яваад өглөө.
Чи мэдэх хэрэгтэй би хэзээч чамд тэгж хандахгүй байх байсан гэдгийг.
Чамайг түүнрүү яг л энэ орчлонгийн хамгийн чухал, эрхэм нэгэн мэт хайрлан ширтэж харин түүнийг чамруу залхсан, бүр зэвүүцсэн харцаар харахад би өөрийгөө бомилоод алчихмаар санагддаг гэдгийг чи мэдэхгүй л дээ.
Тэр үнэхээр яршигтай бас залхмаар биш гэж үү? Гэтэл чи түүнийг хайрласаар л байх юм.
- Үнэндээ энэ бүхэн чамд ямар ч хамаагүй шүү дээ гэж дахиад чи намайг буруутгах л байх.
Хамаагүй гэнээ? Тиймээ.. Бүгд л тэгж хэлэх биз.. Надад хамаагүй гэж. Бусдын хэрэгт хошуу дүрж байна гэж. Миний оролцох зүйл биш гэж. Илүүц гэж намайг дооглож, буруу шаах байлгүй.
Гэхдээ би анхаарахгүй байж чадна гэж үү?
Үнэхээр тэгж чадах болов уу?
Чамайг хэрхэн тарчлаж байгааг, түүний хайрыг, халамжийг хүлээсээр цөхөрч байгааг би өөрийн нүдээр үзчихээд, түүний чамд өгөхгүй, мэдрүүлэлгүй өнгөрөөх бүхэн чамд зориулахыг хүсдэг болгон минь байгааг мэдсээр байж би яаж энэ бүх утгаа алдсан, цөхрөнгөө барсан үйлдэлийг чинь мэдэхгүй юм шиг, хараагүй юм шиг нүдээ аниад, чихээ бөглөөд амьдрахыг чи надад хэлээд өгөөч.
ŞİMDİ OKUDUĞUN
KHAND's ONESHOTS
RomantizmСэтгэл хөдөлсөн үедээ бичсэн богино хэмжээний бичвэрүүд. Нэргүй дүрүүд, миний төсөөлөлд амилсан түүхүүд.