Боломж.

89 8 2
                                    


Сүүлийн үед их бодох болсон юм л даа, боломжийн талаар. Энэ бүхнийг эхнээс нь эхлүүлэх тэр боломжийн тухай. Энэ бүхэн гэх нь ч бас хаашаа юм. Байж болох байсан тэр зүйлийг бүтээхсэн гэж хүсэхдээ байхгүй ч байсан мэтээр, байгаа мэтээр тэр зүйлийг би мэдэрнэ.

Чамд би дурлахаа мэдсэн бол, анх хараад инээмсэглэх байж дээ гэж харамссан. Эсвэл би нэрийг чинь асуух учиртай байж уу?  Мэдэхгүй юм даа. Хаана, хэзээ юуг буруу хийгээд энд ингээд юу ч үгүй үлдээд хүрээд ирчихсэн гэдгээ мэдэхгүй юм.

Би зөвхөн чамайг мэдрэх дуртай гэдгээ л мэднэ. Хажууд суугаад төөнөж байгааг чинь, ойртох үед чинь сэнгэнэдэг үнэрийг чинь мэдрэх дуртай гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ.

Чиний юунд хамгийн их дуртайг минь мэдэх үү? Хайртай зүйлсдээ хандаж байгаа байдалд чинь. Түүнрүү ширтдэг харц, тэр дууг исгэрч аялдаг хөг, түүхийн хичээлд зориулдаг зүтгэл, өнөөх номын дуртай мөр, зүүн гарын гурван онооны шидэлт гээд өөрийн эрхэмлэдэг бүхэндээ ханддаг байдалд чинь би дурласан. "Түүгээр л хайрлуулахыг хүсч байна, зөвхөн түүгээр"
Хэдэн удаа ингэж хэлснээ мэдэхгүй юм, өөртөө.

Хаврын дулаахан үдэш алхаж явснаа гэнэт маш чангаар инээж эхэлснийг чинь би огт мартдаггүй юм.

- Яасан? гэж их л гайхсан би нүдээ бүлтийлгэсээр асууж, тэрхэн хооронд үснээсээ санаа зовов.

- Тэрийг хар даа.

Ур шулуун үстэй, урт банзал, нимгэн богино цамцтай хөөрхөн охины хамар дээрээ зайрмагаа нялж орхиж. Дэргэд өчнөөн хүн байх атал чиний инээдийг өөртөө гэж андуурдаг нь ямар учиртай юм бэ? Тэр үед ч би одоо ч гэсэн найддаг шигээ үргэлж өөрсдийгөө холбохыг хүсдэг байжээ. Шар өнгийн будаг усанд нэвчиж орхиод тэд нэгэн бүхэл болно гэж итгэсэн ч тэр будаг, будаг биш тос байж. Нэгэндээ уусаж мэддэггүй тос ус хоёр.

Чи миний томьёог нь мэдэхгүй хэрнээ хариуг нь гаргахыг хүссэн бодлого.

Чи миний үгийг нь мэдэхгүй хэрнээ аянд нь хөгжин бүжиглэсэн дуу.

Харин би тооны хичээлдээ маруухан дээр дэндүү эвсэлгүй нэгэн. Тийм учраас л би боломжоо алдсан байх.

Чамд яаж хүрэхээ мэддэггүй болохоор зүгээр л холоос харж зогсоод дэмий гараа сунгадаг нэгэн нь би байсан.

Өнгөрсөн яагаад үргэлж сайхан санагддагийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ ард хоцорсон өдрүүдийг эргэн харахад жаргалтай байж дээ гэж бодогддог.  Бүрхэг, бүдэг зарим нь бүр дэндүү бараан өдрүүдийг ч цаг хугацаа амархан баллуурдаж орхино.  Гялалзсан, гялтганасан ямар нэг гайхамшигтай, энэ орчлонгийн бус зүйлээр өнгөрсөн хучигдаж байдаг аж. Тэгээд л би чамруу хараад хичнээн арчаагүй, хүчгүйгээ мэдэрч байснаасаа илүү харц мөргөлдөхийг хүлээдэг тэр хөөрүү, хөнгөн бас хамгийн чихэрлэг хэрнээ исгэлэн догдлолын анхны хормуудыг эргэн санадаг.

Чамд би дурлахаа мэдээд анх чамтай учрахдаа инээмсэглэсэн бол, нэрийг чинь би түрүүлж асуусан бол гээд "тэгсэн бол" - оор төсгөх өгүүлбэр цээжинд минь олон бий. Гэвч бүгд л мэднэ шүү дээ. "Тэгсэн бол"-оор хэзээ ч юу г ч залруулж чадахгүй гэдгийг. Боломж байсан бол би харах л байсан, нүдрүү чинь. Савлуур дээр хоёулхнаа үлдээгүй дээ, хэзээ ч чамд хэлэх боломж олдоогүйд би итгэхийг хүсч байна.
Тэгэхгүй л бол байж сууж чадашгүй. Би босоод гүйнэ, хаашаа гэдгийг мэдэхгүй ч магадгүй чамруу. Чамд хүрч очоод ч би дахиад л хүлээх болно. Өнөөх муу боломжийг. Тиймээс зүгээр л эвлэрцгээе. Хэзээ ч боломж байгаагүй гэдэгтээ.

KHAND's ONESHOTSWhere stories live. Discover now