"Хэрвээ дараа төрөлдөө юу болж болохоо сонгодог байсан бол би яаж ч байсан зөгий болохгүй"
Ахлах сургуулийн эхний жил. Хотынхоо хамгийн нэртэй ахлах сургуульд урилгаар суралцаж эхэлсэн үе. Хүн бүр л мундаг сайныг минь гайхаж, алхам бүрт минь магтана. Эхний улирал өнгөрөхөд би аль хэдийн сургуулийн шилдэг сурагч, сурагчдын зөвлөлийн дарга, сайн дурын байгууллагын тэргүүн болчихсон явж байсан. Юм бүхэнд л нэр минь дурдагдаж ирээдүйн удирдагч, манлайлагч гэгдэнэ. Эргэн тойронд минь мундаг сайн гэсэн бүхэн наалдчихдаг байсан нь инээдтэй.
Гэвч юм бүхэн тийм төгс төгөлдөр байсангүй. Яг л алмас эрдэнэ шавар шавхайн дунд л тийм үзэсгэлэнт төрхөө олдог шиг..
Хэн ч харсан манай гэр бүл аз жаргалтай, дутах зүйлгүй, энгийн л нэг айл гэхээр.. Гэвч хаалганы цаана арай өөр зүйлс хүлээж байдгийг хэн ч үл гадарлана.
Хичээлээ тараад гэртээ ирэх бүрт нэвт ханхлах хар тамхины содон үнэр, туйлдаж ядарсан ээжийн цонхигор царай угтана. Өдөр бүр давхар ажил хийж туйлдталаа ядарч байгаа хирнээ хамаг цалинг нь "хар тамхи"-нд өгч бас ч болоогүй санаанд нь нийцэхгүй бол нударганы амт үзүүлж эр бяраа гайхуулах нөхөртөө юу ч хэлж чадахгүй ээжийг харах бүрт өмнөөс нь бухимдаад үхчихмээр санагдана. Ажил хийж мөнгө олох ёстой ч ажлын газрын хэн нэгэн залуутай нь хардаж зовооно. Эцгийн хүслээр бол гэртээ суугаад л гэрийнхээ ажлыг хийгээд нөхрөө бөөцийлөөд л байж байхад нь хаа нэгтээгээс мөнгө ургаж гарч ирээд түүний хар тамхины үнийг төлөх ёстой юм шиг. "Ямар үйлийн үрээрээ ийм хүнтэй сууж намайг төрүүлчхээ вэ" гэж ч бодогдоно.
Энэ бүх хараал идсэн зүйлсийг мартуулж гэртээ аз жаргал, баяр хөөр авчирдаг хүн нь ганц дүү минь байсансан. Яг л нар шиг аз жаргалыг өөрөөсөө цацруулж, юу ч болсон инээмсэглэж чаддаг нэгэн. Тэр гайхалтай инээмсэглэлийг, тэр цэвэр ариухан зүрхийг хадгалж үлдэхийн тулд л би хүсээгүй байсан ч хичээж, таалагдахгүй байсан ч инээмсэглэдэг байсан. Дөнгөж аравхан настай хэр нь хэтэрхий ухаалаг, хэтэрхий хэрсүү байж билээ. Ээжийг минь миний өмнөөс халамжилж аяга цай, халуун хоол дөхүүлнэ. Хэдий үгэнд нь ордоггүй ч гэсэн эцэгт үргэлж илүү сайхан амьдрах боломж байгаа талаар ярина. Магадгүй гэртээ ч үзэгдэх нь бага над шиг охиноос илүү ийм хүүдээ тэд хайртай байсан биз.
Тэр өдөр. Миний санахыг ч хүсдэггүй тэр өдөр. Цаанаа л нэг зэврүүн салхи салхилж хорвоо ертөнц тэр чигтээ гунигт автан дуугаа хураачихсан өдөр байсан. Өмнөх шигээ л ахлах ангийн шилдэг сурагч, сайн охины дүрд тоглохоор гэрээсээ гарахад "эрт ирээрэй" гээд чимээгүйхэн шивнэх ээжрүүгээ эгцэлж харж ч чадалгүй "биеэ бодоорой" гэж шивнэснээ бодохоор өөрийгөө өрөвдөх ч шиг..

YOU ARE READING
ЯНХАН
RandomНэг эрдэмт хүмүүн монгол хэлэнд "янхан" гэж сайхан үг байсаар байтал яагаад "биеэ үнэлэгч" гэж хөгийн гадаад үгийг ашиглаад байдаг юм бэ? гэж хэлж байсныг дурсан санаад энэхүү бичвэрийг эхлүүлэв..., Муу бүхэн муу биш сайн бүхэн сайн биш. Чи муухай...