Утас хангинана. Чанга бас чийртэйгээр.
Аль хэдийн үдэш болчхож. Ажлын цаг...
Утасны дэлгэцэн дээр танихгүй дугаар зурайх ч хэн залгаж буйг би маш сайн мэдэж байлаа. Уруулаа тод улаанаар будчихаад утсаа авахдаа хоолойгоо нарийсган ярихаа ч мартсангүй.
-Байна уу?
-Байна.
-Liberty зочид буудлын 1004 тоот өрөө. 23 цагаас ирээрэй. Бас энэ дугаарлуу дансаа явуулаарай гээд хариу ч сонсолгүй утсаа тасалчихлаа. Бүдүүн баргил хоолойтой эрийн товч бөгөөд тодорхой зааврын дагуу дансаа илгээчхээд өрөөнөөсөө гарахад цаг 22:30.
Liberty зочид буудлын үүдний танхим. Гялалзсан нүд гялбам гантигаар нэлэнхүйд нь бүрсэн хэн ч харсан "үнэтэй газар байх даа" гэсэн бодол төрүүлэхүйц. Хүлээн авагчаас 1004 тоот өрөөрүү хэрхэн хүрэхийг лавлачихаад лифтэнд суун 10 гэсэн ромбо хэлбэрийг товчийг дарвал алтан шаргал гэрэл цацрах аж. Тэр чигт нь хивс дэвссэн хонгилоор алхсаар 1004 гэж гоёмсгоор бичсэн хаалгыг хөнгөхөн тогшвол хэн нэгний хүнд алхаа сонсогдсоноо цоож торхийн дуугарч хаалга нээгдлээ. Өрөөнөөс ямар нэг цэцгийн анхилам үнэр ханхална. Үнэтэй тавилгуудаар тоноглосон орчинд өндөр бага зэрэг мяраалаг хүрэн бор арьстай залуу намайг хослолоо ч тайлалгүй хүлээн сууж байжээ. Намайг харсан даруй түүний хүйтэн төрх хувьсхийн өөрчлөгдөөд хуучны танилаа харсан мэт инээмсэглэн
-За алив наашаа суугаач гээд дарс задлахаар буудлын жижигхэн хөргөгчийг онгойлгов.
-Надад багыг хийгээрэй. Би ойрд амархан согтчихдог болоод байгаа.
-Согтсон ч яахав дээ. Энд чи бид хоёр л байгаагаас хойш.
-Хүмүүс намайг чиний нууц амраг гэж андуурахаар боллоо. Дараа өөр залуухан хөөрхөн охин олж авбал ямарав гээд би доогтой жуумалзтал
-Чи чинь угаасаа л миний нууц амраг шүү дээ гэж хариу инээмсэглээд мөр даган унжсан даашинзны мөрийг дээшлүүлэв.
-Элдэв үг олон таван яриагаар яахав.. Хурдхан ажилдаа ороё гэж хэлээд хундагалж өгсөн дарсыг нь нэг амьсгаагаар хөнтөрч орхилоо.
Тэр цэнхэр цайвар өнгийн цамцныхаа товчийг нэг нэгээр нь тайлж эхлэхэд би аль хэдийн сурч дадсанаараа эхээс төрсөн биеэрээ буудлын хөнжилд шургалсан байлаа. Дарсны амттай ч хүйтэн уруул, хөлс нь дуслах халуун бие боловч хөндий нэгэн намайг хучин авахад дөнгөж 20 шүргэж яваа залуу охины бие минь аль хэдийн хөгширч гүйцсэн гэдгийг бүүр түүрхэн ухаарна.
......................
Ажлаа дуусаад харвал аль хэдийн шөнө дунд болоод тэнгэрт одод харагдахгүй харин зөөлөн салхи үлээнэ. Өндөр залууг унтуулж орхичхоод халаасанд нь байсан мөнгийг хөхөвчиндөө хийчхээд буудлын үүдэнд гарч ирэхэд санаснаас минь олон хүн холхилдоно. Арга ч үгүй биз зун шүү дээ. Сайхан даашинз өмссөн охид хослол эгэлдрэглэсэн залуус хүзүү бөөрөөрөө хэлхэлдэн шөнийн амьдралын амтанд орсон яваа харагдана. Нэг буудлаас нөгөө буудал хүрэхийн тулд такси хөлслөхөөр зам гартал танил царай минь намайг ширтэж байлаа. Урам хугарсан, гомдсон төрхтэйгөөр.
-Чи энд юу хийж байгаа юм?
-Харин чамаас л тэгж асуумаар байна.
-Teddy, битгий миний ажилд оролц гэж хэлсэн байх аа.
-Энэ чинь тэгээд ажил хэрэг үү гээд гялалзсан шигтгээтэй даашинзыг минь имрэв.
-Хүн бүр ажилдаа хослол өмсөж явдаггүй шүү дээ. Ямартай ч би их ядарч байна. Харимаар байна. Холд
-Би чамайг хүргээд өгье. Миний машинд суучих.
-Олон юм ярихгүй шүү. Би маш их ядарч байна.
Түүний машинаас онцгой содон үнэр ханхална. Яг л түүний үнэр шиг. Эр хүний үнэр хэрнээ бага зэрэг нялуун. Бид юу ч үл ярилцана. Чимээгүй л гэрэл тусах зам тийш ширтэцгээнэ.
-Байз даа. Энэ буудал хүрэх зам биш шүү дээ.
-Өнөөдөр манайд хононо
-Хэний дураар
-Миний дураар
-Чи хэн болчхоод
-Чиний найз залуу болчхоод. Чи миний найз охин учраас өнөөдөр манайд очиж хононо за юу?
-Би маш их ядарч байна гэж хэлээ биз дээ. Дахиад чамтай тэгэх чадал үнэндээ алга. Тийм болохоор зүгээр л буудалруу хүргээд өг.
-Хэн чамтай унтана гээ вэ? Зүгээр гар гараасаа бариад дэрээ дэрлээд чимээгүй унтана ойлгов уу? Чи ер нь яахаараа ийм завхай бодолтой юм бэ?
-Аргагүй шүү дээ.
-Юу аргагүй шүү дээ гэж?
-Янхан юм чинь..
-Бурхан минь. Наад үгээ нэг удаа ч болов хэлэхгүй өнгөрч болохгүй юу?
-Үнэн юм чинь яалтай билээ. Намайг зүгээр л буудалруу хүргээд өгчхөөч дээ.
Хурдтайгаар урагшилж байсан машинаа замын хажууд зогсоогоод цөхөрсөн, аргаа барсан нүдээр тэр надруу хараад
-Чи хэзээ хүртэл энэ хогийн ажлаа хийх юм? Юу дутлаа гэж ингээд байгаа юм?
-Бид энэ талаар ярилцаад дуусчихсан гэж бодсон юмсан.
-Юу дууссан гэж? Чи хаалга хаагаад гарч явснаар уу? Чи уурласандаа хундага шидсэнээр үү? Яг юу нь болохгүй болчхоод байгааг надад хүн ойлгогдохоор тайлбарлаад өгөөч. Чиний энэ учир нь олдохгүй ааш занг би хэдий хүртэл тэвчих ёстой юм?
-Би чамд хэдэн мянга дах удаагаа хэлж байна. Би зүгээр л ийм. Намайг энэ чигээр нь хүлээж авч чадахгүй бол тэгээд л орхичих гуйя. Би чиний өмч эд бараа чинь биш. Чиний хүссэн хэлбэр дүрсэнд чинь орж хувирч чадахгүй. Тийм болохоор үнэхээр яг одоогийн надад дургүй байгаа бол хаалга нээлттэй та гарч болно.
-Би чамд дургүй биш. Би чамайг хайрладаг. Гэхдээ хайртай эмэгтэй чинь өөр нэг залуугийн өвөрт хэвтэж байхад хэн дуртай байх юм бэ? Чи үүнийг ойлгохын дээдээр ойлгож байгаа биз дээ? Чи надад хайртай гэсэн биз дээ. Надтай хамт баймаар санагддаг гээ биз дээ?
-Би чамд хайртай. Гэхдээ чамтай үүрд зууралдахыг хүсэж байгаа гэсэн үг биш шүү дээ. Би зүгээр л...
-Зүгээр л юу гэж. Хүссэнээрээ амьдрах гэсэн юм гэж үү? Тэгээд янхан болж бие үнэлж байгаа чинь чиний тэр яриад байгаа хүссэнээрээ амьдрах чинь юм уу? Ямар гээчийн гайхалтай амьдрал вэ? Чи тэр новшийн хар тамхичин ааваасаа чимхийн төдий ч дээрдсэнгүй.
Тэр уурлан хашхична. Машины аваарын дохио чаг чагхийн дуугарч хажуугаар ганц нэгхэн машин зөрөн өнгөрнө. Түүний хэлсэн үг бүрийг би ойлгож байгаа боловч нэгэн зэрэг ойлгохыг хүссэнгүй.
Би айдаг. Хамаг бүхнээ нэг хүнд даатгана гэхээс. Тэр хүн өөрчлөгдвөл яана. Тэр хүн алга болчихвол яана. Тэр хүн надад дургүй болчихвол яана. Тэр хүн намайг зовоовол яана. Яг л эцэг шиг.
"Чи миний амьдралд тохиох цор ганц ч гэлээ чамд итгэх зориг хүрэхгүй нь"
Машин дотор чимээгүй ноёлон гагц аваарын дохио л чаг чагхийн дуугарна. Хаалганы бариулыг татан түгхийн онгойлгоод
-Би өөрийгөө чамд хайртай гэж буруу бодож байж. Зүгээр л жаахан зугаагаа гаргасан бололтой. Магадгүй чиний хэлдэг үнэн байх би эцэгтэйгээ яг адилхан эргүү новш биз. Тийм болохоор өөрийгөө бодоод эртхэн зайлж үз гэж хэлэх мөчид борооны бяцхан дусал хацар дээр минь зөөлхөн буулаа.

YOU ARE READING
ЯНХАН
RandomНэг эрдэмт хүмүүн монгол хэлэнд "янхан" гэж сайхан үг байсаар байтал яагаад "биеэ үнэлэгч" гэж хөгийн гадаад үгийг ашиглаад байдаг юм бэ? гэж хэлж байсныг дурсан санаад энэхүү бичвэрийг эхлүүлэв..., Муу бүхэн муу биш сайн бүхэн сайн биш. Чи муухай...