Цонхны цаана цас хаялан Эйффлийн цамхаг тодоос тод гэрлээ гялбалзуулан шөнийн Парис хот үзэсгэлэн гоогоо гайхуулна. Цэлгэр том цонхны наана зогсоод цагаан дарс шимэн зогсоход өдрийн ядаргаа арилах шиг. Өмсөж явсан хилэн хар өндөр өсгийтөө тэр дороо тайлж орхиод буланд байх пянз тоглуулагчид пянз хийн тоглуулвал Шюбертийн аяз эгшиглэнэ. Яруу тансаг үдэш аж.
Өдөржин үргэлжилсэн загварын шоунд оролцох, загварын компаниудтай гэрээ байгуулах их ажлын ард гарчхаад тансаг буудлын 20дах давхарт байх өрөөндөө гаднах үзэмжийг ширтэн тамхи нэрэн суух нь жинхэнэ амралт шиг санагдана. Цас ганц нэгээр хаялж байснаа том томоор лавсан орж эхэллээ. Ходоод хоржигнохын эрхэнд буудлын зоогийн танхимруу явахаар шийдээд энгийн хөх өнгийн даашинз өмсөөд багахан өсгийтэй хоншоор дээрээ алмаз шигтгэсэн хар хөх өнгийн гутал углаад 2008 тоот өрөөгөө цоожилж орхиод гарлаа.
Намуухан хөгжим уянгалах танхимын голд яг л цайз хамгаалж буй цэрэг шиг зогсох залуу дээр очин нэг хундага текила гэж хэлээд хөндлөвч налан зогслоо. Цөлөөс саяхан мултарч гарсан мэт хундагатай текилаг хоосолсон даруйдаа стейк захиалаад цонхны хажуу дах суудлыг чиглэн нэг алхтал хонхны жингэнэх дуу цуурайтаж чимээ гарсан зүг тийш харвал гялалзсан хар шаахай углаж бүрх өмссөн 2 залуу ямар нэгэн хөгжилтэй зүйл ярьж буй мэт инээмсэглэсээр орж ирэх нь үзэгдлээ. Танил царай... Зогсож буй газар минь тэр чигтээ урсч алга болоод би гүн хөх даашинзтайгаа оддын дунд оччихсон юм шиг санагдана. Агаар байхгүй тул амьсгал минь боогдож, нүд минь аймшигтай аргаж нулимс хүртэл хаа нэгтээ одчихож. Энэ газраас яг одоо гарах хэрэгтэй гэж бодсон боловч хүүхэн хараа минь инээмсэглэсээр яваа тэр гялалзсан шаахайтай залуугаас салсангүй. Бодолд минь зөвхөн ганцхан эргэлзээ л буглана. Хаалганы хонхыг жингэнүүлэн гарч явах ёстой юу? эсвэл хүрч очоод "Удаан уулзсангүй шүү" гээд инээмсэглэн хэлэх ёстой юу? Гэвч энэ эргэлзээ тийм удаан зовоосонгүй. Хөл минь тархинд үл захирагдан тэр залуусын суусан ширээ тийш зүглэлээ. Бүрхээ хажуудаа нямбайлан тавиад хөлөө ачин суусан залуу надруу хараад зөөлөн инээмсэглэнэ. Ширээнийх нь хажууд зогсоод хариу инээмсэглэлээ.
-Уулзалгүй уджээ. Teddy
-Залуу цагийн нэрээр дуудаж байх чинээ. Холбоо барилгүй их удсан байна шүү. Чи сайн биз дээ?
-Мэдээж сайн байлгүй яахав. Олон жил өнгөрсөн байх шүү. Магадгүй 10 жил үү?
-Тийм байх шүү. Их удаан хугацаа өнгөрсөн байна. Алив суугаач
YOU ARE READING
ЯНХАН
RandomНэг эрдэмт хүмүүн монгол хэлэнд "янхан" гэж сайхан үг байсаар байтал яагаад "биеэ үнэлэгч" гэж хөгийн гадаад үгийг ашиглаад байдаг юм бэ? гэж хэлж байсныг дурсан санаад энэхүү бичвэрийг эхлүүлэв..., Муу бүхэн муу биш сайн бүхэн сайн биш. Чи муухай...