Толинд тусах миний дүрс үргэлж үнэтэй хослол өмсдөг том компанийн өв залгамжлагч аятай л бууж байх нь тэр. Миний бүтэн жилийн хөдөлмөр ч энэ хувцсыг авч дийлхээргүй байхад Жон Жүхи гээч эмэгтэй үнийг нь ч асуулгүйгээр авсанд одоог хүртэл гайхширсаар байгаа минь энэ байлаа. Тансаг хэрэглээтэй хүмүүс аргагүй л биднээс өөр гэдэг нь илт. Магадгүй сэтгэлгээ нь хүртэл өөр байдаг биз.
"Ваа Жонгүг чи үнэхээр гайхалтай харагдаж байна"
"Ямартай ч баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх"
"Үгүй дээ, хамт үдэшлэгт явж байгаа чинь намайг хангалттай ихээр баярлуулж байна"
Энэ эмэгтэйн хариултанд сэмхэн нүдээ эргэлдүүлээд амжлаа. Үнэхээр тийм шудрага юм уу гэхээр заримдаа их ойлгомжгүй, бурхан минь гэж.
Бид хамтдаа түүний машинд суугаад ахиад л өөр зүг рүү хөдлөлөө. Хангалттай залхаад эхэлчихсэн би хурдхан л гэртээ харих юмсан гэхээс байж ядна. Сүүлийн нэг жил шахам хугацаанд Сүритэй гэр сургуулиас өөр газар хамт байгаагүй би царайг нь хараад сар ч болоогүй эмэгтэйтэй хамтдаа үдэшлэгт явах гэж байгаадаа үнэхээр их гэмшиж байлаа. Нэг тийм эвгүй мэдрэмж, магадгүй түүнийг хуураад ч байгаа юм шиг. Угтаа бол надад тэгэх зориг байхгүй ч түүнд хэлээгүйдээ харамсаад эхлэв.
Машин зогсоход толгойд эргэлдэх олон бодлоосоо салж эргэн тойрноо харвал үнэхээр үлгэрийн гэмээр орчин биднийг угтан авлаа. Кинон дээрээс л харж байсан машинууд, үүднээсээ эхлээд ямар гээч нь үл мэдэгдэх шигтгээгээр чимэглэсэн зам, нуур мэт үзэгдэх асар том усан сан, Сүри бид хоёрын амьдардаг түрээсийн байрны бүх өрөөг нийлүүлснээс хэд дахин том мэтээр сүндэрлэх асар том байшин гээд нүд алдмаар зүйлс бишгүй олон харагдаж байсан юм. Гоёмсог даашинз, үнэтэй хослол, чамин хийцийн баг зүүцгээсэн хүмүүс Жон Жүхитэй мэндэлж гартаа барьсан хундагатай дарсаа тулгах нь түүнийг энэ үдэшлэгийн гол эзэн болохыг илтгэх шиг.
Гэсэн ч төд удалгүй нойр хүрч эхэллээ. Эвшээхгүй гэсэндээ бүх биеэ чангалан зогсож байсан ч сүүлдээ бүр залхаад эхэллээ шүү.
Асрамжийн газар байхдаа жилд нэг удаа асрагч эхийн зөвшөөрлөөр хүүхдүүдтэй хамт ууланд гарцгаадаг байлаа. Өдөржингөө ойгоор зугаалж, тоглож гүйцгээгээд л харин орой нь түүдэг галын дэргэд ярилцан суудаг байсан юм. Үнэхээр сайхан санагддаг байж билээ. Тэр л дурсамжин дунд минь цэнгүүн мэтээр хадгалагдсан хэвээр байсан нь өөрийн эрхгүй дурсагдсан юм.
"Таалагдаж байна уу"
Жон Жүхи алтлаг шаргал өнгийн гоёмсог даашинзныхаа хормойг яльгүй өргөсөн байгаа харагдана.
Дэндүү гэмээр тансаг энэ даашинз Сүрид минь ямар сайхан харагдах бол. Асрамжийн газраас гарчихаад анхныхаа цалингаар түүндээ цэцгэн хээтэй даашинз авч өгч билээ. Тийм ч үнэтэй бас гоёмсог биш байсан ч гэлээ Сүри ямар их баярлаж байсан гэж санана. Түүнээс хойш нэг ч даашинз авч өгөөгүй санагдана. Муу нөхөр гэвэл үнэхээр намайг л хэлэх байх даа. Ядаж албан ёсоор гэр бүл болчихоод бэлэг ч өгч чадаагүй л байдаг.Олон зүйл бодсоноос болоод Жон Жүхи рүү ширтсэн байснаа ч анзаарсангүй бага зэрэг санаа зовсоор хоолойгоо засаад толгойгоо дохилоо.
"Ашгүй дээ, найз минь сонгодог хэв маягтай хүн л дээ"
"Ммм"
"Гарцгаах уу, үдэшлэг ч дуусах дөхөж байна"
Би мөн л толгойгоо дохисоор бид хамтдаа гадаах талбайг зүглэлээ. Цэнгэг агаараар ханатлаа амьсгалж аваад дээшээ харвал Сөүлд тийм ч их харагддаггүй одод тэнгэрээр нэг эгнэсэн байх нь тэр. Аргагүй л өөр газар юм даа.
"Энэ байшингийн цаана манайх байгаа. Чи намайг хүргээд өгч чадах уу"
"Тэгье дээ"
Тансаг харшийн хаалганаас тав алхав уу үгүй юу ахин нэг тансаг харш угтан авсан нь Жүхигийн гэр байсан юм.
"За чи ор доо. Би одоо харих хэрэгтэй байх"
"Жонгүг ороод цай уугаад явж болохгүй гэж үү"
"Үгүй дээ би-"
"Гуйя, ердөө ганцхан аяга цай хэдхэн хором шүү дээ"
Яах ч аргагүй байдалд орсон би санаа алдсаар түүнийг даган гэрт нь орлоо. Гоёмсог гар хийцийн шал, хана, тааз, тавилга гээд миний хэзээ ч харж байгаагүй бүхэн.
Жон Жүхи намайг модон бариултай савхин буйдан дээр сууж байхыг хүсээд надад цай бэлтгэхээр явахад нь сая л тайвшрах шиг болж гүнзгий амьсгаа авлаа. Яагаад ингэж ихээр биеэ бариад байгааг ойлгохгүй байгаа ч дотроос минь ингэх нь зөв мэт л санагдаж байсан юм.
Хэдхэн хормын дараа Жон Жүхи цайны аяга барьсаар өөдөөс ирж яваа харагдлаа.
"Ногоон цай бэлдчихлээ, зүгээр үү?"
"Зүгээр дээ баярлалаа"
***
Гэрийнхээ ойролцоо ирчихээд анх удаа гадаах сандал дээр хэсэг саатлаа. Хоолойг минь боох аятай бачимдуулж байгаа зангиаг арай ядан султгасан ч тусыг олж чадсангүй. Зангианаас болж бачуураагүй гэдгээ ч би сайн мэдэж байсан юм.
Толгойд эргэлдэх олон бодлыг нэг тийш нь багтаах гэсэндээ бүгдийг эхнээс нь эмх цэгцтэйгээр санаж, төсөөлөхийг хичээлээ.Бидний, миний бараан ирээдүйд гэрэл асах гэж буй мэт боловч…
YOU ARE READING
Sense and Sensibilty "JJK" [Completed]
RomanceМаш их тэмцэж байж л Магадгүй хайр чинийх болно.