❦ Chapter 24 ❦

514 89 13
                                    

-Шин Хэрён-

"Зүгээр үү?"

Хэсэг хугацаанд ноёрхсон аниргүйг Сэүний аядуухан хоолой эвдсэн юм. Орцны нэг буланд хана налчихаад яг дэргэд минь сууж байгаа түүний харц над руу чиглэхийг би совингоороо мэдчихээд толгой дохилоо.

"Баярлалаа." Удаан уйлснаас болоод хоолой минь ялимгүй сөөнгөтчихжээ.

Хэдхэн хормын өмнө У Сэүний гарт чанга гэгч нь тэврүүлж, үе үе нуруугаа зөөлөн илүүлэнгээ тайвшрах хүртлээ уйлсан гэдэг маань одоо бол яг л зүүд шиг санагдах аж.

Эсвэл зүгээр л миний нэг уран сэтгэмжит төсөөлөл ч юм шиг...

Гэвч хавдаж бүлцийсэн хоёр зовхи минь болон нулимсанд минь норчихоод одоо ч хатаж амжаагүй байгаа Сэүний цамц энэ бүхэн зүүд зэрэглээ эсвэл мөрөөсөл аль нь ч биш гэдгийг нотолж байв.

"Би уйлж байгаа хүүхдийг ч аргадаж үзээгүй..." Түүнийг ингэж хэлэхэд нь би зөөлөн инээвхийллээ.

"Гэхдээ л чи хүн аргаддаг мастер шиг байсан."

Хөнгөн тоглоом хийсээр түүн лүү харцаа чиглүүлэх агшинд бид харц тулгарах нь тэр.

"Тайвширчихжээ?"

Сэүнийг ингэж асуучихаад над руу дөхөх үед бидний мөр хоорондоо шүргэлцэх аж. Толгой дохин хариулахтай минь зэрэгцэн бид нэгнээсээ харцаа аажмаар салгалаа.

"Энэ нагац эгчийнх чинь биш биз дээ?"

Тэр үүнийг асуух гэж нэлээд эргэлзсэн гэдэг нь хоолойных нь өнгөнөөс илхэн байв.

"Биш ээ... Миний амьдарч байсан гэр." Би ч гэсэн хэлэх эсэхдээ үнэхээр их эргэлзсэн ч эцэст нь хэлж орхив.

Уртаар амьсгаа авчихаад энэ бүхнийг хаанаас нь эхлүүлэх талаар будилж ядан, үе үе гүнзгий амьсгаа авахаас өөрөөр чимээ үл гаргах намайг Сэүн тэвчээртэйгээр хүлээх аж.

Хэн нэгэнд энэ урт түүхийг ярихаар зориглосон анхны удаа минь болохоор тодорхой хэмжээний бэлтгэл хэрэгтэй байсан юм.

"Чи мэднэ дээ. Шин Рүми бид хоёр нэг эцэгтэй гэдгийг..."

"Тийм ээ. Мэднэ."

"Би арван гурван нас хүртлээ аав, ээж хоёртойгоо хамт энэ хаалганы цаана амьдардаг байсан юм."

Би хэдэн алхмын цаана харагдах хуучин бор хаалга руу заалаа.

"Сургууль дээр хүүхдүүдэд эмэгтэйлэг биш гэж шоглуулдаг байсан учраас бараг л найзгүй. Чөлөөт цагаараа хамт хөгжилдөх найзгүй болохоороо хичээлээ тарчихаад шууд гэртээ л ирнэ. Аав өглөөнөөс шөнө дөл хүртэл ажилладаг болохоор өдөрт ээж бид хоёр л гэртээ байна. Үргэлж хоорондоо маргалдаад л... Ээж бид хоёрт маргалдахгүй өнгөрүүлсэн өдөр их цөөхөн байдаг."

FORGET-ME-NOTWhere stories live. Discover now