Miyeong's POV
Түүнээс ирсэн зурвасыг уншсан даруйдаа сандран хариу биччихэж чадсангүй. Хэдий огт танихгүй хүн гэдгээс гадна надад тусалж, сайхан сэтгэл гаргасныг нь бодохоор итгэж болох нэгэн шиг санагдах ч миний авч буй энэ л мэдрэмж намайг асуудал бүхнийхээ тухай тайлагнахад бэлэн биш гэдгийг нотолж байлаа. Хамгийн сүүлд уншсан нэг номон дээр, "Сэтгэл зүйчид очиж байгаа өвчтөнүүд ихэнхдээ өөрийнхөө амаас багтаж ч гарч чадахааргүй зүйлсийг эмчид тайлбарлаж, түүнийхээ хариуд хүлээн зөвшөөрөхөд ч бэрх бүхнийг буцаагаад сонсдог" гэж бичсэн байсан нь одоо л үнэн болох нь мэдрэгдэх шиг.
Тэр өөрөө хүсэж байгаа учраас би амьдралынхаа тухай ярьж өгч болох ч гэсэн.....би өөрөө түүнд ярьж өгөхөөс эмээж байгаа юм байна. Чин үнэнийг хэлэхэд сонсчхоод яваад өгөх вий гэхээс, намайг төсөөлснөөс нь ч азгүй амьтан болохыг мэдээд залхаж, эсвэл басамжлах вий гэхээс айж байгаа.....
"Өө, Миён! Сайн уу?"
Танил хоолой өглөөний бодлыг мартагдуулсанд эргээд хартал хуучин ангийн маань хүү инээмсэглэн зогсож байлаа. Түүнийг хэзээ орж ирснийг ойлгож ядан байтал олон жил уулзаагүй тэр мэндлэх гэсэндээ гараа сунгана.
"С-сайн. Энд ажиллаж байгаа" гэж санаа зовон хэлсэнд тэр үйлчлэгчийн дүрэмт хувцас руу минь хальт харсны эцэст пайзан дээрх нэрийг бататгах гэсэн шиг нүдээ онийлгон хараад авлаа.
"Би харин хоол идчихээд гарахдаа чамайг мөн байх шиг харагдахаар нь л ирсэн хэрэг. Саяхан ахлах сургуулиа төгссөн биз дээ? Аль сургуульд орох юм? Биш ээ, аль улс руу явах юм?"
Түүний хоолойг сонссон цагаас эхлээд л тухгүй мэдрэмж төрөөд эхэлсэн юм. Ер нь ийм учраас л таньдаг хүмүүстэйгээ таарахыг үзэн яддаг. Тэднийг харахыг, тэдэнд харагдахыг, тэр тусмаа ингээд ярилцахыг, албатай юм шиг өөрийнхөө амьдрал, нөхцөл байдлын тухай бусдад тоочиж, надад огтхон ч хамаагүй бусдын түүхийг сонсоно гэхээс дургүй хүрнэ.
"Аан....би сургуульд одоохондоо ороогүй байгаа" гэж аль болох энгийнээр хэлсэн ч түүний нүүрний хувирлаас бүх зүйл тодорхой харагдлаа.
"Юу? Яагаад тэр вэ? Чи чинь хамгийн онц сурлагатай нь байсан биз дээ?"
Шууд л хэлчих юмсан. Огтхон ч сүртэй зүйл биш юм шигээр л тоолгүй хэлээд инээмсэглэх юмсан. Мөнгө байхгүй. Мөнгөгүй учраас л хаашаа ч хөдөлж чадалгүй ингээд үхтлээ ажиллаж байгаагаа нүүр дүүрэн мишээгээд хэлэх нь энгийн зүйл байсан ч болоосой.
YOU ARE READING
UNKNOWN
FanfictionЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...