"Тэр тэгээд царайлаг байсан юм уу?"
Мина ширээ арчингаа над руу харчхаад нүдээ ирмэхэд нь би үл ялиг инээмсэглэлээ. Царайлаг...хүмүүсийн хамгийн эхэнд л асуух асуулт. Хамгийн эхэнд л онцлох шинж.
Би уг нь хэлэхийг хүссэн юм. Тэр ямар ухаалаг гээч гэж. Тэр ямар хүнлэг, сайхан сэтгэлтэй гэж санана хэмээн чангаас чанга хэлэхийг хүссэн. Гэхдээ азаар тэдний хөндлөнгөөс харж, сонирхох ганц зүйл нь л гадаад төрх нь. Харин ч би талархах ёстой байх. Түүний дотоод мөн чанарыг бусдаас илүү мэдэж, тэр ч бүү хэл алт эрдэнэсээ дарах мэтээр нууж чаддагтаа....
"Тийм ээ, тийм л гэж бодож байна"
"Хөөх, чамд ер нь талтай юм уу? Сээтгэнэж байна уу? Хайр дурлалын нэг тийм дасаж байгаа мэдрэмж байдаг даа. Тэр мэдрэгдэж байна уу?"
Минаг хийж байснаа орхин өмнө минь ирэхэд л энэ тухай чин сэтгэлээсээ сонирхож буйг нь ойлголоо. Гэсэн ч би юу гэж хариулах учраа олсонгүй. Хайр гэж үү? Мэдээж би түүнд хайртай. Амьдралд минь тэс өөр өнгө нэмсэнд нь, түүнийг амьдарч, оршиж буйд хайртай. Гэхдээ энэ дурлал мөн эсэхийг мэдэхгүй юм.
"Үгүй ээ, бид яг л тийм нэг маш сайн найзууд шиг харилцдаг. Үнэхээр дотны найзууд байдаг даа" хэмээн амьдралдаа анх удаа л жинхэнэ найзтай болсон тухайгаа догдлон хэлтэл түүний царай хувьсан, "Найз аа? Эрэгтэй хүн чамтай дотносож, чамд ийм удаан харилцана гэдэг чинь учиртай. Зүгээр л найзлах төдийхний төлөө яагаад ч харьцсан хэвээр байхгүй ээ. Яахав үнэхээр л өөр найзгүй, ганцаардмал бол нөхөрлөл хайж байж болох л юм" гэсээр мөрөө хавчив.
Энэ л бидний нөхөрлөлийн гол холбоос. Бид хэн хэндээ хэрэгтэй хүмүүс учраас, бидний хэн хэн нь хамтдаа л үнэнээрээ байж чаддаг болохоор харилцдаг. Нэгнийхээ доторхыг баггүйгээр харж, шүүмжлэлгүйгээр хүлээн авдаг цорын ганц хүмүүс нь тулдаа л дэлгэцийн цаанаас ч байсан хамаагүй харилцаж байгаа.
"Одоо тийм байж болох ч тэр үнэхээр сайн хүн бол чи түүнд дасчихна даа. Мэдэрч үзээгүй тансаг, нандин мэдрэмжийг хэн нэгэн гэнэт мэдрүүлээд өгөхөөр өөрийн эрхгүй догдолж, үнэлж, нэг л мэдэхэд татагдчихдаг юм. Хүнд нь тэр тусмаа хандлага, үйлдэлд нь татагдана"
Минагийн таамаглал яагаад ч юм намайг ирээдүйгээс айхад хүргэчихлээ.
Өмнө нь бодож үзээгүй өнцгийг ухаж гаргаж ирчхээд дотор минь суурилуулчих шиг санагдах энэ түгшүүр гэнэт л болоогүй бүхнийг төсөөлөхөд хүргэчхэв. Үнэхээр бид одоогийнх шигээ байхаа больчихвол яах вэ? Ямар нэгэн өөрчлөлт гарч бүх зүйл орвонгоороо эргэчихвэл юу болох бол? Миний амьдралд гэнэт ирсэн шигээ тэр гэнэт явчихвал, эсвэл бүр эсрэгээрээ яг дэргэд минь ирчхээд надаас өгч чадах эсэхдээ эргэлзэж буй хайрыг нэхвэл....түүний дотор миний мэдэхээс тэс өөр зүйл нуугддаг бол яах вэ?? Энэ олон нөхцөл, өөр, өөр байдлууд аймшигтай ч тэд бүгд ганцхан хариуд хүргэж байсан нь л намайг хамгийн ихээр айлгасан. Ямар ч юм болсон тэдний төгсгөл Рики надаас холдчих вий гэх л эмээлтээр холбогдоно. Би үүнээс л айсан....
YOU ARE READING
UNKNOWN
FanfictionЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...