"Хөөрхөн харагдаж байна"
Тэр намайг хаанаас хараад байгааг ойлгож ядан цонх руу дөхлөө. Утасны цаанаас дуу нь ихэд тод бөгөөд тайван сонсогдох ч байдгаараа гангалчихсан байгааг минь ч мэдэж буй нь хачирхалтай.
"Доошоогоо хар л даа"
Рики үнэхээр л машины зогсоолын урд зогсох бөгөөд намайг хараад гараа даллана. Хаврын урь орж, сэтгэл гэгэлзэхийн сацуу тун удахгүй урин дулаан зун ирнэ гэх догдлолоор өнөөдөр даашинз өмсөж үсэндээ олон өнгийн хавчаар зүүсэн. Түүнд таалагдаж л байвал болох нь тэр.
"Хөөрхөн харагдаж байгаа ч даарчихна аа, хувцсаа сольчхоод гараад ир. Хүлээж байя" гэсээр тэр хүмүүст харагдахгүйн тулд малгайгаараа нүүрээ дарлаа. Хэдий би санал нэгдээд утсаа салгасан ч эмнэлгийн цонхноос холдсон даруйдаа үүдний толинд өөрийгөө нухацтай гэх чинь харчхаад шууд л түүн рүү хар хурдаараа гүйлээ. Бараг сар эмчилгээ хийлгэж буй умгар өрөөнөөсөө гарч түүнтэй одоо л уулзах гэж байгаадаа жигүүр ургасан мэт баясна.
"Миён аа, хаачих нь вэ??"
Сувилагч эгч намайг жаргалтай буйг хараад шууд л ийн асуухад нь би коридорт дүүрэн сонсогдохоор, "Тэр ирчихсэн" гэж чангаар хэлээд зогссонгүй шатаар уруудан гүйлээ. Бусад тасгийн эгч нар, эмч, сувилагчид намайг өхөөрдөн ярилцсаар ард хоцрох бол би түүн рүү ойртон гүйх алхам, хором бүрээр догдлон хөөрч хурдхан гадаа гарч ирлээ. Олон хүмүүс хажуугаар зөрөх ч зөвхөн Рикиг хайн тэмүүлсээр түүн рүү гараа даллахад тэр ч хариу даллаад надад ойртов.
Эмчилгээ хийлгэж байсан энэ хугацаанд хэдий улам ядарч, сульдаж байсан ч өнөөдөр л цоо эрүүл болчихсон мэтээр үсэрч харайн өмнө нь ирж зогссонд тэр ороолтоо багахан буулган царайгаа харуулах ч над шиг баяр баясгалантай харагдсангүй.
"Даарчихна гээд байхад даа. Бие чинь өвдчихвөл..."
"Үнэхээр зохиж байна уу? Ээж эргэлтээр ирэхдээ авчирч өгсөн юм"
Үгийг нь тоолгүй доороо эргэлдэн шинэхэн даашинзаа үзүүлсэнд тэр санаа алдан, "Үнэхээр хөөрхөн байна даа! Бас....ээжийгээ уучилснаар чинь бахархаж байна" гэхэд нь би догдлон мөрөө хавчаад гараа байдгаар нь том дэлгээд түүнийг чанга тэврэн өөрөө цээжинд нь толгойгоо наагаад авлаа. Бидний хэн нь ч ирээдүйд юу болохыг мэдэхгүй учраас би амьсгалж байгаа хором мөч бүртээ түүнтэй аль болох ойрхон байхыг, энэ үзэсгэлэнтэй оршихуйг хамгийн ихээр хүртэхийг, мэдрэхийг л хичээж байгаа. Дахиад хэзээ ингэж тэврэхээ мэдэхгүй учраас түүнд хүрэх хүрэлт, хэлэх үг бүрээ сүүлчийнх мэтээр нандигнах болсон. Энэ л хандлагын дараа амьдрал илүү гэгээлэг, хайраар дүүрэн, жаргалтай болж буйг ч анзаарсан.
YOU ARE READING
UNKNOWN
FanficЭцэж цуцталаа уралдан гүйдэг амьдралын урт замд түрхэн налаад суух түшиг минь болсон танихгүй дугаарын эзэн. Эцэс төгсгөлгүй хөврөх цаг хугацааны их шуурганд хэсэгхэн хорогдох гэр минь болсонд баярлалаа. _____ ❤️1. 10. 2022 "DIMENSION : ANSWER" albu...