3 | 1

13 4 0
                                    

|Солонгос улсын их сургууль|

Өмнөхтэй адил номын санд сэрэхэд толгой учиргүй их өвдөхийн хажуугаар өмхий үнэр хамар цогиулах аж. Үүнийгээ дагаад ам цанган өлсөж эхлэв.

Дуёоны өгсөн өнөөх цүнхийг нээж үзвэл дотор нь солих ээлжийн хэдэн хувцас, ариун цэврийн хэрэгслээс өөр зүйл байсангүй. Ямартай ч надад наад захын хэрэгцээгээ хангах эрх байгаа л юм байна.

Гэхдээ өмхий үнэр үнэртэж байна гэдэг чинь энд чөтгөрүүд байгаа гэсэн үг биз дээ? Харин чөтгөрүүд намайг алахыг оролдож байгаа. Яаж ч бодсон энэ үнэхээр аюултай нөхцөл байдал.

Энд дахиад л яг ямар учир шалтгаантай ирснээ мэдэхгүй ч илгээгч нарыг олох ёстой гэдгээ л хамгийн сайн мэдэж байна. Тэднээс өөр намайг хамгаалах хүн байхгүй шүү дээ. Хүн... тэднийг хүн гэж хэлж болох эсэхээ ч мэдэхгүй юм.

Ямар ч байсан тэднийг олох ёстой тул хурдхан шиг номын сангаас гарав. Тэгээд аль болох өмхий үнэрээс холдохыг хичээн өдийг хүртэл анзаарч ирснээрээ илгээгч нараас үнэртдэг содон үнэрийг хайж эхэллээ.

Лекцийн танхимууд, хоолны газар, биеийн тамирын заал гээд тэднийг байж болох бүхий л газраар хайсан ч харамсалтай нь би тэдний бараа байтугай үнэрийг ч мэдэрч чадсангүй.

Чөтгөрүүд хэзээ ч хамаагүй гарч ирээд намайг алж чадах нөхцөл байтал тэд үнэхээр хайхрамжгүй биш гэж үү?

Тэд өөрсдөө над дээр ирэхгүй гэдгийг мэдсэн учраас энэ удаад эсрэгээр нь явж үзэхээр шийдэв. Өмхий үнэр гарч байгаа зүг рүү. Тэнд хэдий чөтгөрүүд байгаа ч илгээгч нар тэднийг илгээж ч байх юм бил үү. Хэрвээ үгүй байвал балрах ч гэсэн үүнээс өөр сонголт үнэхээр алга.

Явсаар ирсэн газар минь сургуулийн арын талбай байх ба ердөө булангийн цаана хүмүүсийн хоорондоо ярилцах дуулдана. Өнөөх өмхий үнэр ч бага багаар дарагдсаар оронд нь шороо болон өвснийх ч юм шиг үнэр хурцаар тархаж эхлэв.

Эргэлзэх зүйлгүй алхсаар булан эргэсэн даруй цусандаа хутгалдсан хэдэн хөвгүүд байх бөгөөд тэдний нүдийг боож гарыг нь хүлчихсэн бололтой газар хөдөлгөөнгүй сууна. Гэхдээ голцуу ам, хүзүү болоод энгэрийг нь бүрхсэн цус тэдний өөрсдийнх нь цус байгаагүй юм. Тэднээс хэдхэн алхмын наана газар амьтай эсэх нь үл мэдэгдэх охин хэвтэх агаад би шууд л түүний зүг гүйлээ. Гэсэн ч ойртох мөчдөө харсан зүйл минь хэтэрхий нүд халтирам аж. Охины зүүн талын гар, хөл нь тасарчихсан мөн хүзүүг нь гүн гэгч нь хазаж орхисон байв.

HEADMOON I |Completed|Where stories live. Discover now