"Ингэж нэг тохирсон өрсөлдөгчтэй таарах гэж. Мөсөн шуламаа, урмыг минь битгий л хугалаарайдаа."
Урт хэдий ч хүзүүгээ даваагүй улаан хүрэн үс, цэнхэр нүд, дундаж нуруутай хүү сэтгэл нь хөдөлсөн байдалтай ширүүхэн хэлэх авч хариулт сонссонгүй. Шүүгчийн эхлэх дохиог хүлээх зуураа урдаа байх нөмрөгтэй хүүхдээс нүдээ үл салган үйлдэл бүрийг нь ажиглаж өөрийн шидээ шившинэ. Шүүгч эхлэх дохио өгч гараа буулгахад хамаг бие нь халуу шатан нүдэнд нь оч ассан ч биеэ хөдөлгөж чадалгүй хөшиж орхих нь тэр. Хамаг биеийг нь мөс бүрхэж хөдөлгөөн нь хоригдох авч тэвчихийн аргагүй халууныг мэдрэх нь хачин. Гайхан өрсөлдөгч рүүгээ харвал өнөөх мөсөн шулам удаанаар цааш алхах нь бүрэлзэн харагдаж нүд нь харанхуйлна.
"Мөсөн ертөнц"
Хэдхэн хормын өмнө чихээ дарахаас өөр аргагүй дуу чимээтэй байсан цэнгэлдэх одоо анир чимээгүйд уусан нэгджээ. Сэтгэл хөөргөсөн гайхалтай тулааныг хүлээж байсан хүмүүс итгэж ядан бүхэлдээ мөсөөр хучигдсан дэвжээн зүг нүд цавчилгүй ширтэнэ. "Ширүүн тулаан болох ёстой биз дээ. Ийм хурдан дуусчихлаа гэж үү?" хэмээн нүдэндээ итгэж ядан хажуудах нэгнээсээ асууна. Шүүгч эхлэх дохио өгсөн мөчид л тулаан дуусчихна гэж хэн санах билээ. Шүүгч ялагчийг зарлах үгүй дээ эргэлзэн хянагчид руу харцаа чиглүүлэхэд толгой дохих нь харагдана. "Гайхалтай тулаан хүлээж байсан юмсан" гэж аргагүй эрхэнд сэтгэлээр унан дотроо санаа алдаад ялагчыг зарлахаар бэлдлээ.
"Хөөе хөөе. Би арай ялагдчихаагүй байна шүү, Шулмаа."
Гэнэт л яг ямар нэг зүйл дэлбэрэх гэж буй мэт сэтгэл хөдлөлөө барьж ядсан хоолой мөсөн хөшөөнөөс сонсогдож эргэн тойрны мөс хайлж эхэллээ. Мөсөн шулам зогсон эргэж харахад бүхэл биеэс нь халуун туяа цацрах Игнисийг олж харлаа.
"Хмп. Бодсоноос овоо юм гээч. Гэхдээ чиний гал дэндүү сул дорой юм." гэж ямарч хувиралгүй нэгэн хэвийн өнгөөр бувтнах нь сонсогдохгүй өнгөрнө.
"Мөнхийн мөстлөг"
Игнисийг дахин мөсөнд хучигдаж эхэллээ. Гэхдээ энэ удаа илүү хүчирхэг шид түүнийг бүрхжээ. Бүх бие нь мөсөнд хучигдахаас өмнө эргэн тойрондох галын хандлагат мана галзуурсан мэт түүний биеийг хучиж галт нөмрөг үүсгэлээ. Үс шиг нь улаан хүрэн өнгийн гал бүх биеийг бүрхэж хуяг үүсгэсэн байх бөгөөд цээжин дээр нь улбар шар өнгийн галт шувуу тодоор дүрслэгдсэн байх нь харагдана.
"Галт шувуун нөмрөг тулааны хуяг" хэмээн Игнис хэлэхэд дэвжээг бүрхсэн мөс тэр чигтэй хайлан ууршиж температур эрс халуун боллоо. "Мөсөө ашиглаж чадахгүй яаж тулалдахыг чинь харъя л даа."
DU LIEST GERADE
Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүх
FantasyNovel by @KingofLazy Photo by @AkiYasushi