Гайхширал

68 5 2
                                    

Аминагын сэтгэл догдолсоор жижиг модон хаалгаар орлоо. Хаалганы цаана урт нарийн хонгил байх бөгөөд төгсгөлд нь дөрвөн буланд нь том галт бамбар асаасан бүдэгхэн гэрэлтүүлэгтэй том танхим байв. Танхимд маш олон хүүхэд цугласан байх бөгөөд бүгд гартаа жижиг модон бөмбөг барьсан байх аж. Мөн танхимын голд дээрээ гар орох жижигхэн нүхтэй том модон сав байршуулжээ. Модон хайрцагны хажууд зогсох хорь гаран насны залуу тайван дуугаар түүнийг модон хайрцагандах бөмбөлгүүдээс нэгийг авахыг хүслээ. Амина ч эргэлзэлгүй өнөөх жижиг нүх рүү гараа хийж гартаа тааралдсан жижиг модон бөмбөгийг гаргаж ирлээ. Найм. Модон бөмбөг дээр найм гэсэн дугаар байх аж.

"Шалгаруулалт дуустал наадах чинь чиний дугаар болох болно. Удахгүй шалгаруулалт эхэлнэ. Тэр хүртэл хүссэнээ хийж болно. Гэхдээ шуугиан тарих хэрэггүй шүү." гэж өнөөх залуу анхааруулж хэлээд Аминагын нэр, хаанаас ирсэн болохыг модон бөмбөгөн дээрх дугаарын хамт бүртгэж авлаа.

Амина эргэн тойрноо ажин зогсоно. Цөөн хүүхдүүд хамтаа зогсох бол ихэнхи нь ганцаараа зогсоцгооно. Амина олон хүүхдүүдийн дундаас хэд хэдэн танил царай олж харлаа. Тэд бол хөлөг баатрын бэлтгэлд хамрагдсан хүүхдүүд юм. Гэвч бүгд тус тусдаа зогсож байсан тул Амина ойртох гэж оролдсонгүй. Хагас цаг гаран хугацаа өнгөрсөний дараа хонгилын эсрэг талд байх том модон хаалга онгойлоо. Урдаа богинохон хар үсээ дээш босгож зассан том булчинлаг биетэй гуч гаран насны залуугаар ахлуулсан таван хүн орж ирлээ. Тэд бүгд адилхан Шидийн Академийн багш гэдгийг илтгэх хувцас өмссөн байх бөгөөд хөлөг баатрын танхимын сүлд тэмлэгтэй нөмрөг нөмөрсөн байв. Модон хайрцагны дэргэд зогсох залуу тэдэнд ойртон хүндэтгэл үзүүлээд гарандах зузаан цаасаа өглөө. Багш нарыг ахлах гуч гаран насны залуу цаасыг харж байснаа 'Тэг ээ' гэж амандаа бувтнаад өнөөх залуугаас хүйтнээр асуулаа.

"Шалгаруулалтанд тэгийн тоог ашигладгүйг мэдэдгүй хэрэг үү? Мөн энэ хүүхдийн бүртгэгдсэн байх ёстой мэдээлэл хаана байна? Дүрэм зөрчих хэр ноцтой хэрэг болохыг мэдэж байгаа биз?"

Өнөөх залуу даруйхан газар хагас өвдөглөн сууж толгойгоо бөхийлгөөд чичирсэн хоолойгоор асуултанд нь хариуллаа.

"Үгүй ээ. Би дүрмийг сайн мэднэ, ноён Тэюуер."

"Тэгээд мэдсээр байж дүрмийг зөрчсөн хэрэг үү?"

"Яалаа гэж би дүрэм зөрчиж зүрхлэх билээ ноён Тэюуер. Х… Шалгаруулалт эхлэхээс өмнө Хатагтай Винтэрфолл ирээд явсан. Тэр энэ бүхнийг хийхийг шаардсан ч тайлбар өгөөгүй. Надад өөр сонголт байгаагүй. Та түүний аашыг мэднэ шүү дээ, ноён Тэюуер."

Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүхTempat cerita menjadi hidup. Temukan sekarang