Шидийн академийн бэлтгэл өдөр болох болсон тул Амин-Эрдэнэ өглөө нь Берто өвөөгийн доор, өдөр нь Шидийн академд хатагтай Маргаретийн доор бэлтгэл хийнэ. Харин орой нь Зайда эмээгийн доор шидэт уусмал хэрхэн бэлтгэх аргад суралцана. Өглөөнөөс орой болтол завгүй шинэ зүйл суралцаж, сурсан зүйлээ дахин давтан улам сайжруулна. Шинэ содон зүйл сурах, түүнийгээ улам сайн мэдэхийн хэрээр түүнд улам сонирхолтой санагдаж, илүү их хичээх хүсэл төрнө. Хамгийн гол нь "Энэ чинь өөр ертөнц шүү дээ!!!" гэж бодох үед л бүх зүйл улам илүү сонирхолтой болж, тайлагдаагүй, тайлах ёстой маш олон зүйл байгаа гэсэн бодол төрж, ирээдүйд хүлээж буй адал явдлыг бодон сэтгэл нь хөдлөнө. Элфүүд, одойчууд, бусад үлгэр домгын төрөлтнүүд, чөтгөр, мангасууд, ид шид, ер бусын зүйлс. Хэн адал явдалтай учрахыг хүсэхгүй байна гэж?
Шидийн академийн бэлтгэлийн эхний хэдэн сар өдөр болгон Тэнгэрийн шатаар дээш өгслөө. Тэгэхдээ гарын төрөл бүрийн хөдөлгөөн хийлгүүлнэ. Эхэндээ хамаг бие хөндүүрлэн өвдөж, хэцүү байсан ч хэдэн долоо хонгийн дараа гайгүй дасаж эхэлсэн. Дараагаар бие өвдөж хөндүүрлэх нь багасаж, Тэнгэрийн шатаар дээш илүү хурдан өгсдөг боллоо. Хэдэн арван мянган шат, дээрээс нь Тэнгэрийн цамхагийн ер бусын байдлаас болоод Амин-Эрдэний биеийн хүч, тамир тэнхээ нь хурдацтай ихсэж байгааг өөрөө мэдэрч байлаа. Түүний дотор нуугдаж, унтаж байсан ямар нэг зүйл сэрж байгаа мэт мэдрэмж төрнө. Ямар нэг нууцлаг, хүчирхэг зүйл.
Дараагаар нь хатагтай Маргарет хүүхдүүдийг бүгдийг нь нэг ижил хурдаар өгсөх заавар өгсөн. Бүтэн сар дахин дахин давтсан эцэст бүх хүүхдүүд хагас өдрөөс ч бага хугацаанд Тэнгэрийн шатыг туулж сурлаа. Тэгсэн ч дахин дахин шатаар өгсүүлнэ. Амин-Эрдэнэ Шидийн академийн сургуулилт, хатагтай Маргаретийн тухай гайхан бодно. "Ирээдүйд хөлөг баатар болох боломжтой хүүхдүүдийг бэлтгэж байгаа биз дээ!? Шатаар өгсөхөөс өөр бэлтгэл хийхгүй юм гэж үү? Ядаж сэлэм барих арга, сургуулилт хийхгүй юм гэж үү?" гэсэн бодлууд түүний толгойд бодогдоно. Амин-Эрдэнэ Берто өвөөгийн доор сэлэмний урлагт багагүй суралцсан тул анхлан суралцагчдийн хувьд чадварлаг гэж хэлж болно. Гэхдээ бусад хүүхдүүдийн хувьд... ядаж л урьдчилсан шалгаруулалтын үеэр түүний тулалдахыг нь харсан хүүхдүүдийн дунд сэлэм ч барьж үзээгүй хүүхэд байсан. Харин барьж үзсэн хүүхдүүдийг хувьд... үнэндээ тийм ч сайн байгаагүй. Сайн багын ажиллагааны үр дүнд л тэнцсэн гэж хэлж болно.
Амин-Эрдэнийг гайхан бодож байх зуур Хөлөг баатрын шалгаруулалт болоход хоёрхон сар дутуу үлджээ. Хатагтай Маргарет хүүхдүүдэд шинэ заавар өгч, хүүхдүүд зэвсгийн сургуулилт хийж эхэллээ. Мэдээж сэлэм барьж үзээгүй хүүхдүүд байгаа учир сэлэм хэрхэн, зөв барихаас эхлээд зааж эхэллээ. Эхний сэлэм барьж бүхэл өдөржингөө зогслоо. Сургуулилтын модон сэлэм ч гэсэн удаан барьж зогсоход гар чилж, хүнд төмөр сэлэм барьж байгаа мэт санагдана. Амин-Эрдэнэ Берто өвөөгийн доор сэлэмний сургуулилт хийж байхдаа иймэрхүү зүйлд дассан тул тийм ч хэцүү байсангүй. Хоёр дохь өдөр, гурав дахь өдөр, дөрөв.., тав.., арав.., хорь.., нэг сар. Хатагтай Маргарет бүтэн сарын турш сэлэм барьж зогсохоос өөр зүйл заасангүй. Амин-Эрдэнэ сэлэмний урлаг заана гэхэд нь баярласан ч гэсэн сэлэм барьж зогсохоос өөр зүйл заагаагүй тул урам нь хугарна. Эхэндээ ихдээ л хагас сар сэлэм барьж зогсоно гэж бодсон ч бүтэн сар болсон тул өөрийн эрхгүй сэтгэл нь гонсойно. Төд удалгүй хатагтай Маргарет хүүхдүүдийг хос хосоор нь хуваан үндсэн дайралт болон хамгаалалтын техникүүдийг зааж эрчимтэй бэлдүүлж эхэллээ. Мөн гэрийн даалгавар өглөө. Өдөрт 1000-аас 10000 удаа сэлэмний үндсэн дайралтыг давтах. Энэ нь хэдэн энгийн хөдөлгөөнөөс тогтоно. Эхлээд зүүн хөлөө урдаа, баруун хөлөө хойноо тавьж өвдгөө бага зэрэг нугална. Тэгээд сэлэмээ мөрний түвшинд баруун талдаа барьж зогсоно. Дараа нь сэлэмээ урагшлуулж урагш алхана. Ингэснээр дайсан болон өөрийнхөө хоорондох зайг баримжаалах, хамгаалах боломжтой болно. Сүүлд нь сэлэмээ дайсныхаа хүзүү рүү чиглүүлж цавчина. Хамгийн чухал нь хурдан эсвэл удаан биш жигд хурдаар зогсолт, хөдөлгөөн бүрээ давтах юм. Шидийн академийн бэлтгэлийн сүүлийн өдөр хатагтай Маргарет бүх хүүхдүүдэд хандан "Өнөөдөр та нарын бэлтгэлийн сүүлийн өдөр. Хөлөг баатрын шалгаруулалт долоо хоногын дараа болох болно. Амар, унт, сайн ид! Сурсан зүйлээ дахин сайн давт!" гэж хэлээд цугласан хүүхдүүдийг тараалаа.
أنت تقرأ
Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүх
خيال (فانتازيا)Novel by @KingofLazy Photo by @AkiYasushi