Холоос сүрлэн дээвэртэй, модоор хийгдсэн байшингууд энд тэнд, замбараагүй баригдсан нь харагдана. Хүчтэй салхинд л нураад уначихмаар хэврэг, найдваргүй санагдана. Өвлийн хүйтнийг яаж давдаг юм болдоо гэсэн бодол Амин-Эрдэний толгойд зурвасхан орж ирлээ. Чулуу, шавраар хийгдсэн байшингууд цөөхөн байна. Ихэнх нь замын хажуугаар баригдсан харагдана. Худалдаа наймаа хийдэг бололтой. Тосгон руу орох зам шууд төв талбай руу хөтөлнө. Тосгоны хамгийн хойно чулуу, шавраар барьсан том байшин харагдана. Өндөр, чулуун, гурван давхар, бусдаасаа илүү гоёмсог байшин нүдэнд шууд тусна. Бодвол тосгоны дарга эсвэл хэн нэг баян худалдаачны байшин биз. Харин тосгоны хоёр захаар тариалангийн газар, малын бэлчээр бүхий талбай, модон хашаанууд харагдана. Боловсорч гүйцсэн тариа, ногоо тодхон харагдах нь намар хэдийн болсоныг илтгэнэ. Хорь гаран үхэр ногоон зүлэгтэй томоо модон хашаанд өвс хивэн сажилна. Үхрээс өөр амьтан байдаггүй бололтой.
Амин-Эрдэнэ Цасханы нуруун дээр мордоод өнөөх жижиг тосгоны зүг хөдөллөө. Холоос их л жижигхэн харагдсан ч байшин, барилга ихтэй, нэлээн томхон тосгон байлаа. Хамгийн өндөртөө л хоёр, гурван давхар байшин харагдана. Бүх байшин барилгыг нийлүүлбэл гуч, дөчөөд байшин харагдана. Тосгоны гадаа олон модон сүйх тэрэг, уяатай моринууд байх нь холоос хүмүүс ирснийг илтгэнэ. Их олон хүн энэ тосгоныг зорин ирсэн бололтой. Амин-Эрдэнэ, Цасхан хоёрын өнгөрсөн хүмүүс бүгд л тосгоны төв рүү яарах нь харагдана. >>Хөл хөдөлгөөн их байхыг бодвол ямар нэгэн баяр болж байгаа байх<< гэж бодлоо. Гэвч баярын уур амьсгал эс мэдрэгдэнэ. Тосгоны төвд их олон хүн цугласан нь холоос үзэгдэнэ.
Тосгоны төвд, төв талбайд зассан жижигдүү, модон тайзан дээр хэсэг хүмүүс зогсоно. Тэдний урд зогсох уртавтар саарал үс, гүн хар нүд, өтгөн хөмсөг, урт унжсан саарал сахалтай, дэгжин хувцасласан хөгшин өвгөн бүх хүмүүст хандан, чанга дуугаар ярина. "Шалгаруулалтад оролцох бүх хүүхдүүд дөрвөн эгнээ болж, жагсаана уу! Бүх хүмүүст боломж байгаа тул ямар нэгэн асуудал үүсгэхгүй байхыг хүсье. Эцэг эхчүүд тайзнаас хол зогсоорой!" Түүний хэлсний дагуу бүх хүмүүс хүүхдүүдээ жагсаалд оруулаад холдон зогсоно. Хүмүүс үг дуугүй хэлснээр нь хийх нь их өндөр байр суурьтай хүн гэдгийг тодхон илтгэнэ.
Амин-Эрдэнэ Цасханы хамт олон хүмүүсийн хойно ирж зогслоо. Тэр ойрхон байх нэгэн хөгшнөөс эелдгээр "Настан гуай. Энд ямар арга хэмжээ болж байгаа юм бол?" хэмээн асууна. Өнөөх настан толгойгоо эргүүлэн зэвүүцсэн харцаар харна. Балар эртний хүн шиг амьтны арьсаар хувцас хийж, өмссөн охин түүний нүдэнд харагдана. Даарахгүй гэж үстэй нөмрөг, хөлдөө мод, туулайн арьсаар гутал маягийн зүйл хийж өмссөн. Боддоо бүтэн дөрвөн сар ууланд байсан шүү дээ.
VOUS LISEZ
Зэргэлдээх ертөнцийн домог: Хөлөг баатрын түүх
FantasyNovel by @KingofLazy Photo by @AkiYasushi