Сөүл хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжнуудын нэгд байрлах тэр бүр хүмүүсийн сонгоод байдаггүй тод ягаан өнгөөр гадна талаа будсан нэгэн бяцхан зоогийн газарт ажлын эхний ээлж тарж, хөвсгөр хар үс, дундаж нуруутай нэгэн залуу энэ өдрийн сүүлчийн захиалгаа хүргэчхээд хормогчоо тайлан тооцооны ширээний дэргэд өөр нэгэн эртэй юу ч юм ярьж зогссоноо хэн нэгэн мөрөн дээр нь товшиход эргэн харлаа.Хойно нь нэгэн охин инээмсэглэн байх агаад түүнд хандан
- Мартаагүй биз дээ. Би түрүүлж гараад хүлээж байя хэмээхэд Чангбин түүнийг өнөөдөр гурав дахь удаагаа ийн сануулж буйд төвөгшөөсөн байдалтай толгой дохин мөрөө татав.
Эмэгтэйг ажилчдын өрөөрүү яваад өгөхөд хажууд нь зогсох эр хорлонтойгоор хөхрөөд залуугийн мөрийг алгадан
- Тэр бүр чамтай унтах гээд байж ядаж байна аа гэлээ.
Тэрээр хариу хэлэхийн оронд хэдэн хоногийн өмнө болсон явдлыг эргэн санах аж.
Охины нэрийг Сэрин гэнэ. Нэг сарын турш цуг ээлжинд гарсан ч оюутан гэхээс өөрөөр бол овгийг нь ч мэдэхгүй охинтой Чангбин хамт санамсаргүйгээр түр салхилахаар гарсан тэр өдрийг хүртэл царайруу нь ч эгцэлж харж үзээгүй явсан шиг санах.
Сэрин түүнд дэндүү гэмээр ойртон ирж тамхи ч таталгүй мөрийг нь шүргэн дэргэд нь очиж зогсоход хүү элдэв зүйл бодсон ч үгүй.
Харин түүнийг утаагаа үлээн, газар ширтэн байтал охин гэнэт л ийн хэлсэн юм
- Хөгийн амьтан шүү.
- Юу?
- Ахлах тогоочийг хэлж байна аа. Үргэлж л яншиж байдаг юм. Чи тоох хэрэггүй дээ. Чиний гутал харин надад таалагддаг шүү.
Гал тогоогоор дамжин, ажилчдын хаалгаар гарах үедээ Чангбин тэр өдөр ч мөн ааштай ахлах тогоочид гутлаа чирч, шал заваартууллаа хэмээн зэмлүүлсэн юм. Сайхан авиртай байх нь өдрийн од шиг дэндүү ховор тэр эрд муу санахаа болиод хэдийн удаж байлаа. Бин уг бяцхан зоогийн газарт бүтэн цагаар ажиллаад гурван сарыг үдсэн байх аж.
Охин түүнээс хариу хүлээх мэт харж зогсох агаад Чангбин ердөө мөрөө хавчсан нь яриа дэлгэхээс бултаж буй нь тэр.
- Тэр ч яахав. Угаасаа л ааштай нөхөр. Гэхдээ гутал чинь надад нээрэн их таалагддаг юм шүү.
- Яагаад?
- Зүгээр л. Чамд зохидог. Манай нэг найзад яг ийм байсан ч түүнд чам шиг гоё харагддаггүй байсан л даа.
Зүс төдий таних цагийн ажилтан яагаад ч юм түүнтэй дотносохыг хичээж байгааг хөвгүүн анзаарчээ. Зугтахаар зэхэх үед тамхи нь ч барагдлаа.
- Би ч оръё доо.
- Тэг дээ.
Чангбин шууд л ажилчдын хаалгыг зүглэн явж тэгэх дээ дотроо ийн бодно
"Тэнэг хүүхэн бэ"
Цайны цаг дөхсөн болоод ч тэр үү гал тогоо хөл хөдөлгөөн ихтэй байсан ажээ. Ахлах тогооч өөрийнхөө зуухны урд хүрэн царайлсан амьтан зогсох нь нүдэнд торсон хэнийг ч барьж аваад шөлний том шанагаараа нүдэхэд бэлэн мэт харагдана.
Хүүг түүний хажуугаар зөрөхөд тэрээр тэсрэх мэт хачин чимээ гаргаснаа бүр гараас нь зуураад авч муухай дуугаар зандарч эхэлжээ. Гал тогоонд байх хүмүүс түүний утгагүй зэмлэлийг сонсох атлаа нэг нь ч жаалыг өмөөрөх гэсэнгүй ээ.
- Хөгийн амьтан бэ.
Чангбин, хүрэн царайтай ахлах тогооч гээд гал тогооны ажилчид бүгд тэр хоолойн эзнийг олоход өнөөх Сэрин гэх охин амаа дарчихсан өөрийнхөө хэлсэнд ч итгэхгүй байгаа аятай байж байлаа.
- Би чамд сайн болчхож.
Сүүлчийн ээлж бууж, дөнгөж бараагаа харуулаад сураг тасарсан борооноос болж хүйтэн бас нойтон байх мухар гудамжинд өдрийн хачин үгийг нь ярих гээд хоёулхнаа байтал нь охин түүнд ийм нэгэн учир хэлсэн билээ. Залууд гэхээсээ илүү өөрөө өөртөө ийн хэлж, тэгээд доош харж зогссоноо гэнэт л зориг орох мэт, өөрийнх нь хариу үйлдлийг харах гэсэндээ толгой өргөх охиныг тэр яахаа үнэхээр мэдээгүй юм. Охины ард байх улаан тоосгон хананаас ч илүү тэдний хацар улайсан байх.
Тэр өдрөөс хойш түүнийг харцаараа нэгжиж, тааралдах бүрдээ яриа өдөх гэж үздэг болоод сүүлдээ гэрт нь хүргэж өгөх гэж дайрдаг болсон Чангбинийг гэх Сэрины өнчин дурлалын явдлыг ажлынхан нь цөм мэджээ.
Гэхдээ өнөөдөр, тэд болзох гэж байгаа билээ.
- Би чамд асуулт тавина. Чи хүсвэл хариулж үгүй бол хариулахгүй байсан ч болно. Тэгээд яг ганцхан удаа болзоцгооё. Хэрэв чамд надаас асуух зүйл ганцхан ч болов гарч ирэхгүй бол би чамайг тайван орхино.
Амархан бас цэвэрхэн сонстож байсан уг болзлыг Чангбин зөвшөөрч тэд болзоо хийхээр болсон юм.
YOU ARE READING
~ХОС~/ДУУССАН/
Fanfiction- Одоо ингээд л эхлэж байгаа юм даа - Юу? - Бидний романс. - Чшш - Бидний чин үнэн хайрын дундрашгүй- - Дуугүй болоод өгөөч