7.

268 42 5
                                    

*Note: Харилцсан яриаг тодотгохын тулд, зөв бичгийн дүрэм зөрчсөн байгаа шүү*

Найзладаг болсноос яг хоёр сарын дараа хэсэг ярилцсаны эцэст Хусогийн сайн охинд захиа өгөхөөр болов.

Бүжгээ биеэрээ дүрслэхдээ онц гойд хэр нь, сэтгэлээ амаараа илэрхийлэхдээ ээрч муураад бүхнийг бусниулчих вий гэсэндээ Хусог өөрөө захиаг санал болгосон юм.

Захиаг бичихийг нь нөгөө хоёр, зөөхийг нь харин би хийхээр болов. Бичих үгсийг нь нэг бүрчлэн мэдэхгүй ч "Сайн болохоор, үерхэцгээе" гэсэн агуулгатай байхыг нь сайн мэдэж байлаа.

Захиаг өгөхөөс хэдхэн хоногийн өмнө Намжүүнийг гэрээс нь дуудаад, Хусогтой л харихаар болов.

"Би эрэгтэй болж төрөх ёстой байсан юм. Тэгсэн бол та хоёртой илүү эрт уулзаж, илүү сайн найзууд болох байсан байх"

"Зүгээр дээ бидэнд цаашдаа олон өдрүүд байгаа. Гэхдээ яагаад эмэгтэй байх тийм дургүй гэж?"

"Эмэгтэй хүн өөрийгөө ч ойлгодоггүй хэр нь, өөр нэгнээс өөрийг нь ойлгохыг шаарддаг. Ном зохиолууд дээр хүчтэй эмэгтэйчүүд гардаг ч бодит амьдрал дээр дэндүү сул дорой. Дурлачихвал за тэгээд сул дорой гэдэг үг ч багадах байх."

"Дурлачихсан эмэгтэй харин ч хөөрхөн биш гэж үү? Надад лав хөөрхөөн. Гэхдээ би эрэгтэй ч, эмэгтэй болж төрсний хамгийн сайхан зүйлийг ойлгох юм шиг байна."

"Юуг ойлгоно гэж?"

"Эмэгтэй хүн энэ ертөнцөд, хүүхэд гэх амьд ертөнцийг бүтээдэг шдээ. Бүтээсэн тэр л ертөнцөө өөрөөсөө ч илүү хайрлаж, амьдрах утга учраа болгодог. Хэнээс ч илүү чамд бүхнээ зориулдаг ээж шигээ, өөрийн үрдээ бүхнээ зориулахаар заяагдсан гэдэг хамгийн сайхан нь биш гэж үү? Би лав чамайг ганцаараа өсгөсөн танай ээжийг биширдэг. Чиний хайгаад байгаа хүчтэй эмэгтэй бодит амьдрал дээр байдаг бол нэг нь танай ээж."

Гэнэт л хацрыг минь халаах ч, зүрхийг минь хайрах хүйтэн ч халуун нулимс хоёр нүднээс минь бөмбөрнө.

Хусогийг чанга тэврээд уйлмаар байвч, эрх нь байхгүй болохоор гараа дэлгэж зүрхлээгүй ч, дулаахан гар нь нурууг минь товшиход, нуугдаж байсан нулимснууд минь өөрсдийгөө илчлэнэ.

Төрөх ёсгүй байсан гэх үгээр үзүүр хийж төрсөн эцэг минь надад зуу зуугаар нь зүү зоохдоо, хүний хорвоод ирсэн утга учрыг минь цус нөжтэй хольчихсон. Үлдсэн хэдхэн дусал цусаараа өдий хүртэл тэссэн ганц шалтгаан нь ээж.

Ингэж л бодож ирсэн. Гэвч...

Үнэндээ тэсэж байсан нь би биш, тэжээгдэж байсан нь би байж. Дусал цустай нь би биш, дутах цусгүй байсан нь би байж. Тэнэг би ганцхан өөрийгөө л шархтай гэж баашилж байхад, багахан үлдсэн балга цусаараа шархаа нуусан ээж минь намайг сэлбэсээр ирж.

Намайг байгаа гэдэг ганцхан шалтгаанаар хорвоод талархдаг ээждээ, намайг төрүүлсэн гэх ганцхан шалтгаанаар гомдож ирсэн надад Хусогийн хэлсэн хэдхэн үг үнэний үүдийг нээж өгөх шиг.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

...

2N Where stories live. Discover now