Хэдэн өдөр түүний хэлсэн үгс бодлоос минь гарсангүй. Уйлахад нурууг минь товшоод инээгээд зогссон төрх нь ч явсангүй.
Дөнгөж түрүүхэн л түүний халуун дулаан инээмсэглэлийг эзэмших эрхтэй эзэнд нь захиатай нь хамт өгсөн юмсан. Яагаад миний бодолд ингэтлээ үлдчихэв дээ?
Захианыхаа хариуг сонсохоор яарч байсан тэднийг надтай харь гэж шаардалгүйгээр гэрлүүгээ алхахдаа хоосон ч хүнд оргих сэтгэлийнхээ учрыг олсонгүй.
Хоосон хэр нь хүнд оргидог ийм мэдрэмж гэж бас байдаг аа.
Маргааш нь хичээл дундуур Хусог надад "Тэр зөвшөөрсөн" гэж бичсэн жижигхэн цаас харууллаа.
Хосоор нь амьдруулахыг хүссэн Хусогийн хайр өрөөсөн талаа олчихжээ. Харахыг хүссэн зүйл маань нүдэн дээр биелэлээ олсон байхад, дүүрч цалгилах ёстой зүрх сэтгэл минь тамтагтаа тултлаа хоосорчих шиг.
Хоосон атлаа хүндэрсээр байгаа энэ мэдрэмж яг юу юм бол?
Завсарласан ч хажууд минь ярилцаад суудаг Хусог өнөөдөр босоод явчихсан байх юм. Өдөржин дэргэдээс салдаггүй түүний үнэр гэнэт л бүдгэрчих юм. Үнэрээр нь дагуулаад харвал дэргэд нь хайрт нь зогсох юм. Дахиад л сэтгэл минь хоосон бас хүнд санагдах юм.
Сэтгэлийг минь хоослоод байгаа зүйл Хусог юм байх даа? Дотор минь хүнд оргиод байгаа зүйл хайр юм байх даа?
Өөрөө шархлах вий гэхээс илүү, өрөөлийг гомдоохыг хүсдэггүйдээ харцаа өргөж явдаг Жон Хусог. Анх харвал хүн бүрийн дотрыг маажиж, шарыг малтах түүний хямсгар төрх. Бусдын зүүж явдаг худал инээсэн хуурмаг багны хажууд дэндүү дургүй хүргэм ч бодит. Тийм болохоор л хүмүүс түүнд ойртдоггүй, өөрөө ч ойртуулдаггүй.
Үзэн ядсан зүйлийнхээ үнэн мөнийг танихаараа хүн дурладаг юм гэнэ лээ. Үзэн ядсан сэтгэл нь үнэнийг дийлж чаддаггүй байх.
Хайртдаа зориулсан захиаг нь өөрийнхөө гараар дамжуулахдаа хараахан анзаараагүй байж дээ нар шиг түүнд дурласан гэдгээ.
...
BẠN ĐANG ĐỌC
2N
FanfictionХуудсанд нь нулимс шингэж нимгэрсэн нэг Хуудсанд нь агаар оролгүй мартагдсан нэг 2019.11.04 ~