Хувцсаа сольж өмсөөд гарахад Интэ өсгөгчний хажууд зогсчихсон утсаа оролдож байх бөгөөд намайг өөр дээр нь ир гэж дохилоо. Би ч дөхөн очиход утаснаасаа бичлэг үзүүлэн "үндсэн хөдөлгөөнүүд нь энэ, манай бүжгийн багш дэглэж өгсөн юм. Аяндаа тохируулаад жоохон хэсэг өөрсдөө нэмэхэд л болох байх"
Бичлэгийг хэд хэд ухрааж үзсэний эцэст бид заалны төвд очин хийж үзэхээр шийдэв. Энэ үед бүжгийн хамтлагийнхан хөлсөө хатаасаар бүгд зааланд сууцгааж байлаа. Гэтэл би тэдэнд энэ бүхнийг харуулахыг хүсэхгүй байна.
Чөлөөт бүжиг бүжиглэдэг учраас цэнгээнт төрөлд бие минь цэгцэрч өгөхгүй байх гэж бодсон ч харьцангүй сайн байгаа бололтой Интэ байсхийгээд л "сайн байна шүү... авьяастай юмаа... чи манай хамтлагт орох хэрэгтэй" гэх мэтээр магтаад байв.
"Үндсэн хөдөлгөөн" Интэ ингэж хэлээд намайг урагш толь руу харуулж зогсоогоод хоёр гар дэлгэснээ гэнэтхэн бэлхүүснээс барин дээш огцом өргөх нь тэр. Буцан буух үед айсандаа орилох шахам дуу алдаад би дариу амаа дарлаа.
Интэ намайг шоолох аятай инээснээ "тэмцээн дээр ингэхгүй юм байгаа биз дээ?" Гэхэд нь би ч тэсгэлгүй инээх үедээ толгой сэгсрэлээ.
"Тэгвэл ахиад нэг удаа"
Түүний гар ахин бэлхүүснээс минь чангахан барих үед би урагш толинд харж гүнзгий амьсгаа авав. Санаандгүй хажуу тийш цонхны зүг харахдаа тэнд суух нэгэнтэй харц мөргөлдлөө. Чонлогийн нүд бага зэрэг хурц болсон байгааг би анзаарсан юм. Хөмсөг нь атиралдан бидний зүг нүд завчилгүй ширтэн суухыг нь харах намайг жаргалтай болгож байх шиг. Тэр яг одоо хардаж байна.
"Хаын!" Интэ ийн хэлэхэд нь би цочин тольны тусгалд түүн рүү харахад Интэ Чонлогийн зүг толгойгоо эргүүлснээ "салчихсан гэсэн биз дээ?" Гэж тоомжиргүйгээр хэлж орхив.
Үүнээс нь үүдэн миний биш, бүр Чонлогийх ч биш харин Ханигийн уур их хүрсэн бололтой тэр шуудхан босож ирээд Интэг түлхэн надаас холдуулаад "тэр нь чамд ямар хамаатай юм? Өөртөө хамаагүй юманд битгий хошуу дүрээд бай, тэнэг амьтан минь" гэв.
Би Ханиг дуугүй болгохыг хүссэн ч яаж гэдэгээ мэдэхгүй сарвалзаж байхад Интэ араас "хамаагүй гэнэ шүү... Хаын тэрэнтэй биш" гээд Чонло руу дохисноо үргэлжлүүлэн "надтай хамтрана биз дээ? Харин энэ хачин уур амьсгал бэлтгэл хийхэд төвөгтэй байна. Салчихсан байж хардаж байгаа юм шиг харцаараа хүйтэн салхи тавихгүй баймаар байна"
Энэ үгс нь Ханиг ч дуугаа хураахад хүргэж орхив.
"Та нар эндээс гар эсвэл бид хоёр өөр газар очиж бэлтгэлээ хийе" Интэг ийн хэлэхэд Хани "бид хоёр гэнэ шүү, хэнийг бид гээд байгаа юм чи?!"
Би түүнийг зогсоон "бэлтгэл чинь дуусчихсан болохоор та нар түрүүлээд явсан нь дээр байх" гэвэл Хани над руу хэсэг том нүдэлснээ Интэ рүү харцаа шилжүүлэх үедээ байдгаараа хөмсгөө зангидаад "би чамд хэлсэн шүү, илүү дутуу үйл хөдлөл хийгээд үзээрэй" гээд сандлаас цүнхээ шүүрэн заалнаас гарав.
Тэд нэг нэгээрээ заалыг орхицгоон хамгийн сүүлд Чонло хаалга руу дөхөж байснаа удаанаар эргэн харав. Би яг одоо маш их айж байна. Түүнийг юу гэж хэлэх бол гэдгийг төсөөлөхөөс ч айж байна. Энэ харц, энэ хүйтэн энерги... Тэр амаа нээгээд л намайг мөсөн хөшөө болгож чадах юм шиг санагдаж байна.
Чонло нэг гараараа хаалганы бариулаас барин доош хэрхэн дарахыг нь харахад түүнд бага зэргийн бухимдал байгаа нь илт.
"Салчихсан..."
Тэр ийн хэлээд хаалгыг онгойлгосноо гарахынхаа алдад надтай харц мөргөлдөөд "гэхдээ дуусаагүй" гэж тайвнаар хэлээд хаалгыг гаднаас нь хаасан юм.
________________
A/n: баярлаж байна уу, таануус?