Хэрхэн түүнтэй таарахгүй байж болох талаар шөнөжин бодсон боловч ямар нэг найдвартай арга байсангүй. Тиймээс харсан ч өөрийгөө захирч, ухаантай бас итгэлтэй байх хэрэгтэй.
Юутайч эртлэн босож, сургууль дээр ч эрт очсон юм. Анги руугаа л орчихвол тарах хүртэл гаралгүй суусаар байгаад хичээлийн цагуудыг дуусгаад байж болно шүү дээ. Өрөвдөлтэй юм Ан Хаын. Чи түүнээс зугтахаар ямар хэрэг хийчихсэн болоод ингэж инээдтэй арга сэдээд байгаа юм.
Сургуулийн үүдээр орохоос эхлээд л дэндүү эрт ирсэн нь мэдэгдэж байна. Хүйт оргисон сургууль нарны элчийг одоо л хүртэж эхлэнэ. Үүдний жижүүр ах хаалга дугарах чимээнээс л болсон бололтой ширээнийхээ араас цухуйснаа намайг хараад "ямар эрт яваа юм бэ? Бэлтгэлдээ ирээ юу?" Гэв.
"Бэлтгэл гэнэ ээ?" Би алхаж байснаа түр зогсоод түүнээс ийн асуувал жижүүр ах "танай бүжгийнхэн бэлтгэл хийнэ гээд байх шиг байсандаа, заалны түлхүүрээ надад үлдээсэн" гээд шүүгээгээ татаж харагдлаа.
Түүний үйлдлийг зогсоон би буцан алхаж эхлэх зуураа "бусад маань ирээд авах байлгүй дээ, би анги руугаа орлоо" гээд дээш гарлаа.
Бүжгийн бэлтгэл гэнэ шүү. Хичээлдээ арай хийн ирж байгаа надад заал руу очих зориг хаанаа байх билээ дээ.
Салалт угаасаа ийм байдаг юм уу эсвэл надад л ингэж санагдаад байгаа хэрэг үү? Хэдий түүнийг санаж шаналсан ч энэ бүхэн гэртээ өнгөрүүлсэн хэдэн хоногоор минь дуусгавар болсон юм шиг санагдаад байх юм. Харин одоо бол илүүтэй айдас төрж байна. Түүний гар утасыг эвдэлж, дэвтэр номыг нь шатаачихсан мэт л харахаас айгаад байна. Тэнэг.
Хүүхдүүд нэг нэгээр нэмэгдсээр... Бүгд л намайг хараад амандаа уулга алдан, хажуудаа байх хэнтэй ч хамаагүй ярилцаж буйг би анзаарч байгаа ч хамаа байсангүй. Угаас би бусдын бодлыг нэг их тоогоод байдаггүй нэгэн. Ганцхан хүнээс бусдаар...
Ангийн гадна Ханигийн чанга дуу сонсогдоход би өөрийн мэдэлгүй л инээмсэглэлээ. Тэр хаалга хүчтэй гэгч нь саван орж ирэхдээ цааш харсан чигтээ хэн нэгэн рүү "амьнаасаа уйдаагүй л бол илүү дутуу юм хийгээд үзээрэй чи!" Гэж хатуухан хэлснээ нааш харав. Түүний зангирсан хөмсөгийг харахад л жинхнээсээ уурласан гэдэг нь илт.
Тэр нүдээрээ ангийг бүтэн нэг удаа гүйлгэхдээ намайг харсан ч анзаарсангүй юу тоолгүй урагш нэг алхсанаа тэр дороо хөмсөг нь өргөгдөн, ам нь ангайж ирээд л над руу гүйх нь тэр. Хамаг нурууны минь ясыг дугартал чангаар тэврээд хаа сайгүй үнсэж эхлэв.
Би түүнийг арай хийн түлхэж өөрөөсөө холдуулаад "болно оо" гэвэл Хани хуруугаа гозойлгосноо "одоо ганцхан удаа" гэж шүдээ зуун хэлэхэд нь аргагүйн эрхэнд ахин нэг удаа тэврүүллээ.
Энэ үед хонх дугарч бүгд суудалдаа сууцгаасан ч багш орж ирээгүй байсан тул би Ханитай ярилцахаар шийдэв.
"Хэнтэй муудалцаад байгаа юм?"
Намайг асуухад Хани ярвайснаа "Квон Интэ"
"Чи яагаад Интэ-тэй муудалцаад байгаа юм?"
Хани гэнэтхэн төв царай гарган над руу хараад "Квон Интэ гээч! Чи хэзээ тэрэнтэй найзууд болчихсон юм!" Гэснээ үргэлжлүүлэн "Нээрэн чи мэдээгүй шдээ, дүүргийн төгсөх ангийнханы бүжгийн тэмцээн зарлагдсан байсан. Орохоор болсон шүү"
"Тэгээд л бэлтгэл гэсэн байх нь ээ" би амандаа ийн бувтнахад Хани "чи мэдээж орохгүй л гэх байлгүй" гэв. Тиймээ, түүний зөв би орохгүй. Хүсэхгүй байгаа юм биш чадахгүй шүү дээ.
Хошуугаа унжуулан доош хартал Хани эрүүнээс өргөн өөр лүүгээ харуулснаа "гэхдээ чамайг оруулна, нэрийг чинь өгчихсөн" гэх нь тэр.
"Би орохгүй ээ! Шалтгааныг нь мэдэж байж" гэхэд Хани нүдээ анин толгой дохих зуураа "мэдэж байна аа, сайн мэдэж байна" гэснээ нүдээ нээгээд "гэхдээ л чи орно, латин америк бүжгийн төрөлд... дуэтээр"
Би юу гэхээ мэдэхгүй байсан тул дэмий л толгойгоо маш олон удаа сэгсрэв.
Дуэт гэнэ шүү. Яасан ч үгүй...