"Яагаад ирээгүй юм?" Би Чонлогийн араас сургуулийн хаалгаар орох үедээ ийн бухимдангүй байгаагаа илэрхийлэн асуув.
Тэр над руу эргэж харсан ч үгүй "Жисон дуудсан гэж хэлсэн шдээ"
Шатаар дээш өгсөх зуур одоо хэр нь түүний араас алхсаар "би чамд хоёр хоногийн өмнө хэлсэн" гэхэд
Чонло "хүн юм чинь мартчихсан л байгаа биздээ"
Миний тэвчээр алдагдаж 2 давхрын коридороор алхах зуураа түүний гарнаас хүчтэй татан өөр лүүгээ харуулан зогсоов. Чонло нүдээ эргэлдүүлэн энэ бүхэнд дургүй байгаа нь илт.
"Нэг мөсөн намайг ч гэсэн мартчихгүй яасан юм?" Хэчнээн аргаа барсан болоод ийм хэмжээний зүйл хэлэхэд хүрэх вэ дээ. Тэр намайг ийм байдалд оруулж байна.
Чонло уруулаа нэг тал руу нь татгануулан инээснээ "тэгдэг л байж" гэх нь тэр.
Түүнд гомдож туних нь мэдрэгдэж байсан ч сүүлийн үед болоод буй бидний дундах маргаануудаас үүдэн би дассан бололтой илүүтэй уур хүрч байсан учраас нулимсаа цааш нь залгиж, хоолойгоо хүчлэв.
"Тэгвэл март" би хүсээгүй ч ядаж л азаа үзээд түүнийг надад хайртай эсэхийг нь шалгахаар шийдээд ийн хэлчихсэн. Өөрөө ч хэлсэн зүйлдээ гайхах гэдэг нь энэ байх. Дотор муухай оргиж бөөлжих нь. Биеээ чангалан зогссон ч гар, хөл минь салганаж байна. Энэ мэдрэмж айдас уу? Бас харамсал уу? Мэдэхгүй юм.
Түүний дотроо юу мэдэрч байгааг мэдэхийг хүсэж байгаа ч Чонло ямар ч хувиралгүй байрандаа зогсоод л байх зуур хэдийн хичээлийн цаг болсныг илтгэх хонх дугарч тэр миний хажуугаар зөрөн анги руугаа орлоо.
Юу ч хамаагүй, би яг л түүний хувьд хэн ч байсан юм шиг санагдаж байна. Ийм амархан орхиод явж чадах нэгэн байж.
Дуудлагыг минь авахаа больж, зурвасанд хариу өгөхгүй удаж, уулзах тоо нь ч хэд дахин багассан. Мэдээж би тэнэг хүн биш шүү дээ. Энэ зэргийн зүйлийг гадарлаж чадна. Бүгдийг өнгөрсөн шиг өөрөөр бол бүх зүйл тэр надад чин сэтгэлээсээ хайртай байсан үе рүү буцаахыг л би хүссэн. Ярилцахыг л хүссэн. Яриа өдөх бүрт миний л буруу болж, хэрүүлээр дуусдаг. Тийм ээ, би энэ бүхнээс залхаж байна. Тэр ч бас залхсан байх.
Гэсэн ч би түүнд хайртай. Ямар удаан хугацааг өнчин хайранд гацаж өнгөрөөсний эцэст түүний хайрыг хүртэх эрхтэй болсон билээ. Ингэж дуусах байсан юм бол яах гэж?